Ерөнхий сайдыг томилох асуудлыг зөвшилцөнө

Хуучирсан мэдээ: 2012.08.03-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдыг томилох асуудлыг зөвшилцөнө

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод хүсэлт хүргүүлжээ. Энэ нь Ардчилсан намын хувьд ирэх долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөх болсонтой нь холбоотой аж.  Тиймээс Ерөнхий сайд С.Батболдыг ирэх долоо хоногт ИБУИНВУ-ын нийслэл Лондонд хийх айлчлалаа түр хойшлуулахыг хүсчээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын Ерөнхий сайд С.Батболдод илгээсэн хүсэлтийг сийрүүлбэл, “Монгол Улсын Их хурлын анхдугаар чуулган зарлагдаж УИХ-ын сонгуулиар шинээр сонгогдсон гишүүд тангаргаа өргөн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө.

УИХ-ын сонгуулийн үр дүнгийн дагуу шинэ Засгийн газрыг байгуулан улс орны өмнө тулгамдаад байгаа намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг шил, шилээ даран хүлээж буй олон амин чухал асуудлуудыг шийдвэрлэх зүй ёсны шаардлага тулгарч байна. Шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасны дагуу ирэх долоо хоногийн эхээр зөвшилцөх саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр төлөвлөж байна.

Иймд төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүднээс Засгийн газрыг тэргүүлж буй Ерөнхий сайд таныг ирэх долоо хонот 2012 оны олимпийн тэмцээн зохиогдож буй ИБУИНВУ-ын нийслэл Лондон хотод хийх айлчлалаа түр хойшлуулахыг хүсье” гэжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж