Төв аймгийн нутгийн удирдлагын байгууллагуудаас аймаг орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээг эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа билээ. Үүний нэг жишээ нь, аймгийн Иргэдийн нэг Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр 2009 онд “Аймгийн хөгжлийн сан” байгуулсан бөгөөд орон нутгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахуйц аймаг, бүсийн хэмжээний хэрэгцээг хангахуйц үйлдвэр, үйлчилгээг байгуулах төслүүдэд хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэн хөнгөлөлттэй зээл олгож байна. Төв аймгийн хөгжлийн санд одоогоор 218.5 сая төгрөгийг эх үүсвэрийг бүрдүүлсэн байна. Үүнээс аймгийн Төв Чандмань-Дулааны эрчим хүчний газарт Төв аймгийн Зуунмод сумын гэр хорооллын усан сангуудад ус түгээх автомашин худалдан авахад 13.8 сая төгрөгийг гурван жилийн хугацаатай эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын зээлээр, Зуунмод мах боловсруулах үйлдвэрт эргэлтийн хөрөнгөнд зориулж 65,7 сая төгрөгийн зээлийг гурван жилийн хугацаатай олгоод байна. Ингээд нийтдээ аймаг хөгжүүлэх сангаас 79.5 сая төгрөгийн зээл олгоод байна. Аймаг, орон нутгаас баримталж буй бүс нутгийн хөгжлийг дэмжих бодлого, аймгийн үйлдвэржүүлэх бодлогуудыг хэрэгжүүлэх зорилгоор орон нутгийн нөөц боломжид тулгуурласан боловсруулах салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрээр дэмжих зайлшгүй шаардлага байгаад дүгнэлт хийж “Аймгийн хөгжлийн сан”-гийн зээлийн нөхцөлийг өнөөгийн Банк санхүүгийн байгууллага, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлийн нөхцөлтэй уялдуулан Аймгийн хөгжлийн сангаас олгох зээлийн жилийн хүүг 2,4 хувь, хугацааг тав хүртэлх жилийн хугацаатай болгон өөрчлөлт оруулаад байна. Төв аймгийн хөгжлийн сангаас олгох зээлийн шалгуурыг хангасан төслийг аймгийн ЗДТГазрын Хөгжлийн бодлогын хэлтэс хүлээн авч, Аймгийн хөгжлийн сангийн Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэн зээл олгох ажлыг зохион байгуулж байна.
Г.Хишигсүрэн /Төв/