Төв аймгийн Монгол туургатан театрын ерөнхий найруулагч Ч.Ганхуяг ирэх аравдугаар сард болох орон нутгийн театр, чуулгын дунд зарласан сонгодог урлагийн бүтээлийн уралдаанд алдарт Уилльям Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийг сойхоор болжээ. 300 сая төгрөгийн шагналын сантай уг уралдаанд аймгийн театрууд дэлхийн болон Монголын сонгодог томоохон дуурь, жүжгийг найруулан тавьж оролцох ёстой гэнэ. Найруулагч Ч.Ганхуяг “Ромео Жульетта”-г мюзикл хэлбэрээр тавих гэж байгаа бөгөөд Францын Авинионы наадамд эл жүжгээрээ мөн оролцох аж. Сонирхуулахад, олны анхаарал татаад байгаа энэхүү мюзиклийн гол дүрд “Asian shop” хамтлагийн гишүүн, Монгол туургатан театрын жүжигчин П.Бат-Ундрах болон ШШГЕГ-ын дуучин, “Классик Жем” хамтлагийн гишүүн Б.Отгончимэг нар тоглох юм байна.
Г.Даша