Зүсэрсэн бороотой “Их мандал-2012”

Хуучирсан мэдээ: 2012.08.03-нд нийтлэгдсэн

Зүсэрсэн бороотой “Их мандал-2012”

“Наадмын гурван өдөрт унасан морь минь гундасхийв ч
Нарны халуун илчинд өмссөн дээл гандасхийсэн ч…” гэж энэ нутгийн нэрт найрагч, Ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооровын шүлэглэсэнчлэн Дундговийн наадам гурав дахь өдрийнхөө шөнийн 22 цагт өндөрлөв. Мандалговьд гурван өдөр үргэлжилсэн усархаг зүсэн бороо ийнхүү наадмыг сунжруулсан нь говьд анхны тохиол аж. Жараад оноос хойш гурван өдрөөр наадсан нь ч ховор биз. Үнэхээр ч хүмүүсийн хэлэлцэх нь хорин жил тохиогоогүйгээр цаг дэлгэрч  хотойвол ногоотой, хонхойвол устай “Хар ногоон” зунаар энд “Их мандал-2012 ” говийн бүсийн  хурдан морины уралдаан боллоо. Газар газрын, тодруулваас арван таван аймгаас ирсэн мянга шахам шандаст хурдан хүлгүүд хурдаа сорьлоо. Бороо татрах чөлөөнд амжиж морьдоо мордуулж байснаас зарим уяач зар сонсож амжаагүйгээс бүртгүүлсэн  морьдоо хоцроох тохиолдол олон гарсныг энд дурьдалтай. Уяачийн эрдэм, унаачийн овсгоо, унаган хүлгийн шандас шалгасан их хурдын наадам Даншгийн их аварга Самбуугийн Чүлтэмийн гэрэлт хөшөөг Мандалговийн төв цэцэрлэгт нээснээр эхэлсэн юм. Долоон хошуу даншигт есөн удаа барилдахдаа зургаа шөвгөрч, гурав түрүүлсэн Дархан аварга С.Чүлтэм Сэцэнхан аймгийн Боржгин сэцэн вангийн хошуу, одоогийн Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал сумын зааг нутаг Цацийн хэцэд 1974 онд төрж Түшээтхан аймгийн  Говь түшээ гүний хошуу, одоогийн Дэлгэрхангай, Луус сумын нутагт 1945 он хүртэл аж төрж байжээ.
   
Мөн энэ наадамд улс, аймгийн алдар цолтой оролцсон 512  хүчит бөх барилдсан нь тус аймгийн далан жилийн түүхэнд анхны тохиолдол. Улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Л.Пүрэвжав, Т.Өсөх-Ирээдүй, М.Батжаргал, улсын начин Б.Чинзориг, Ч.Баянмөнх, Б.Гончигдамба улс аймгийн алдар цолтой 512 бөхөөс  Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат аймгийн начин Ганзоригийн Баяржавхлан ес даван түрүүлж, аймгийн хурц арслан цолны болзол ханган, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат улсын харцага Лхагвасүрэнгийн Пүрэвжав үзүүрлэсэн юм. Өсөх ирээдүйтэй залуу бөх өөрийн нь харьяалагддаг “Түшээт ханы аварга” бөхийн дэвжээнээс төрөн гарч улсын алдар цолтой харцага, заануудыг давсаар үзүүр түрүүнд хүрч ирсэнд баярласан Улсын Харцага Л.Пүрэвжав түүнтэй барилдалгүй хорин настай, хонгор зүстэй залуу Ганзоригийн Баяржавхланг үнсэн амжилт ерөөж тахимаа өгсөн юм.
   
Үндэсний сурын тэмцээнд зургаан аймаг, Улаанбаатар хот, Багануур дүүргээс дал гаруй харваач оролцон цэц мэргэнээ сорьцгоов. Харваачдын дунд Монгол улсын мэргэн дөрөв, спортын мастер 28 байсан нь тэмцээнийг өндөр зэрэглэлийн, өрсөлдөөнтэй болголоо. Эрэгтэй сурчдаас /Насанд хүрэгчид/ Өмнөговь аймгийн харьяат, Монгол улсын мэргэн Ж.Баттөмөр, Багануур дүүргийн харьяат, спортын мастер Наянчулуун, Өмнөговь аймгийн харьяат, спортын мастер Д,Чулуунбаяр, эмэгтэй сурчдаас Өмнөговь аймгийн харьяат, спортын мастер О.Чинзориг, Улаанбаатар хотын харьяат, Перовис компаны тамирчин, Монгол улсын хошой мэргэн Эрдэнэтуяа, Өмнөговь аймгийн харьяат, спортын мастер С,Отгончимэг, Өсвөрийн харваачдаас /хөвггүд/ Өвөрхангай аймгийн Д.Сосорням, Өмнөговь аймгийн Ихбилгүүн, мөн аймгийн О.Сүхболд, охидоос Өмнөговь аймгийн Энх-Эрдэнэ, Дундговь аймгийн Ө.Мягмарсүрэн, И.Норжин-Янгиг нар эхний байруудыг эзлэсэн байна. Баяр наадмын зарим үйл ажиллагааг “АПУ” компани, өсвөрийн сурчдын 4,5 дугаар байрын тамирчдын шагналыг “Мандалговь-хүнс” компани ивээн тэтгэжээ.

Говийн бүсийн “Их мандал-2012” хурдан морины уралдаан, бөхийн барилдаан нь улс орны хэмжээнд анхаарал татдаг, олон хүн сонирхдог, зарим нь судалгаа шинжилгээний зориулалтаар цувааг авдаг тул нийтийн хэрэгцээнд толилуулж байна.

ГОВИЙН БҮСИЙН ДАНШГИЙН ХУРДАН МОРЬДЫН ЭХНИЙ БҮРЭН ЦУВААГ СОНИРХОНО УУ

Говийн бүсийн хурдан морьдын уралдаан 7-р сарын 29, 30-ны өдрүүдэд Дундговь аймгийн төв Мандалговь хотноо зохион байгуулагдлаа.

Хэдийгээр бороо хур элбэгтэй, усархаг зүсэн бороо гурав хоног үргэлжилсэн ч  уралдаан нэг хоногоор хойшилсноос илүү сааталгүй өндөрлөлөө. Ингээд эрхэм уншигч та бүхэндээ 15 аймгаас ирсэн 900 шахам шандаст хурдан хүлгүүд оролцсон говийн бүсийн уралдааны нэгдсэн цувааг танилцуулъя.

Азарга-120

  • Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Жаргалсайханы хул
  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул  Р.Раашийн буурал
  • Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул Ж.Нямгаваагийн зэгэл
  • Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул  Ж.Бат-Эрдэнийн хар
  • Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, УИХ-ын гишүүн Б. Наранхүүгийн Монгол хээр

Их нас-178

  • Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат "Унаган хурд" галын уяач Ш. Мөнгөншагайн буурал
  • “Нүүрэнтэйн их хурд 2012” уралдаанд аман хүзүүдэж байсан Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын А.Мөнх-Эрдэнийн нууц хээр
  • Төв аймгийн Лүн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Баасанбазарын Дөлгөөн хонгор
  • Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Ихбаярын бор
  • Дундговь аймгийн Луус сумын уугуул, аймгийн Алдарт уяач С. Шинэбаатарын хээр

Соёолон-142

  • Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Батсайханы хөх бор
  • Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул Б.Оюунбатын хул
  • Төв аймгийн Аргалант сумын уугуул, МУ-ын начин Д.Амгаланбаатарын хул
  • Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, "Алтай констракшн"-ны захирал, Манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр
  • Дорноговь аймгийн Даланжаргалан сумын уугуул Б.Чулуунбаатарын хонгор

Хязаалан-174

  • Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ч.Дэмчигцоодолын цагаан /Цагаан үрээ өнгөрсөн жил болсон “Говьшанхын хурд” болон Өмнөговь аймгийн 80 жилийн ойн баяр наадамд айрагдсан аж./
  • Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул Б.Нохойцагааны цавьдар
  • Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х. Түмэнбаярын хээр алаг,
  • Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул Ц.Амарсайханы хул
  • Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумын уугуул, Н.Амгалангийн саарал

Шүдлэн-148

  • Дундговь аймгийн Хулд сумын уугуул,аймгийн Алдарт уяач Ч.Дэмчигцоодолын хул
  • Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Д.Хишигжаргалын бор
  • Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Отгонбатын хар
  • Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул Х.Лхагвасүрэнгийн хар
  • Төв аймгийн Сэргэлэнгийн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Сүхбаатарын хээр /Хээр шүдлэн хэдхэн хоногийн өмнө болсон төрийнхөө их баяр наадамд айргийн дөрвөөр хурдалсан бөгөөд энэ цагийн хурдан хүлгэдийн нэг Б.Наранхүүгийн Монгол хээр азарганы төрсөн дүү нь юм./


Даага –95

1. Өвөрхангай аймгийн Баянгол сум. Алтангэрэлийн зээрд
2. Булган аймгийн Гурванбулаг сум Д.Хишигжаргалын  хонгор будан
3. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Х.Түмэнбаярын хүрэн
4. Дундговь аймгийн Хулд сумын Б.Баярсайханы хээр
5. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Ганбаярын хээр

Түрүү бөх: Ганзоригийн Баяржавхлан /аймгийн хурц арслан/

Үзүүр: Лхагвасүрэнгийн Пүрэвжав /Улсын харцага/

Их шөвөгт:

  • Улсын заан Мөнхсайханы Өсөхбаяр
  • Улсын начин Баатарын Амарзаяа

Дунд шөвөгт:

  • Улсын начин Чотонгийн Баянмөнх
  • Аймгийн арслан Алтангэрэлийн Алтанхуяг
  • Сумын заан Батцэнгэлийн Чимэдвандан аймгийн харцага
  • Сумын заан Улаанхүүгийн Мөнхчулуун   аймгийн харцага

Бага шөвөгт:

  • Эрдэнэдалай сумын харьяат сумын заан Санжаасүрэнгийн Миарагчаа
  • Эрдэнэдалай сумын харьяат сумын заан Эрдэнэбатын Даш
  • Өлзийт сумын харьяат сумын заан Дагдангийн Цэнгэлбат
  • Архангай Өлзийт сумын заан Цэрэндолгорын Отгонбат     
  • Архангай Чулуут сумын заан Батжаргалын Чинбат
  • Өвөрхангай Богд сумын харьяат Хэвэлхүүгийн Энхчулуун 
  • Архангай аймгийн харьяат сумын заан Банзрагч нар бүгд аймгийн начин цолонд хүрсэн байна. 

Нар хур тэгширч, заримдаа хур бороо нь дийлэнх байсан энэ наадамд УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Г.Баярсайхан,  Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, “Нарны хүлэг” уяачдын холбооны тэргүүн Ц.Ганхүү нарын хүндтэй зочид оролцсон юм. Баяр наадмын үеэр олон хүн төрийн дээд шагнал, салбарын тэргүүний алдар цол хүртсэний дотор Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор  аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ч.Баяраа, “Алтан гадас” одонгоор “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн багш С.Таня, “Байгаль орчин, аялал жуулчлалын тэргүүний ажилтан цол тэмдгээр аймгийн Засаг дарга Д.Чандмань, “Өлзий Дундговь” компаны захирал Н.Цоож, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр  Шүүхийн шинжилгээний албаны дарга  Х.Эрдэнэ-Очир  нар хүртлээ.

Ийнхүү  Дундговь аймгийн баяр наадам, “Их мандал-2012”  говийн бүсийн хурдан морьдын уралдаан, даншиг наадам өнөр өтгөн, адал явдал, шинэ содон амжилтуудаар дүүрэн болж өндөрлөлөө.

                        С.ПҮРЭВСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж