Сайншандад хөрөнгө оруулах сонирхол байна

Хуучирсан мэдээ: 2012.08.03-нд нийтлэгдсэн

Сайншандад хөрөнгө оруулах сонирхол байна

Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулагдах эхний бодит алхам тавигджээ. Өнөөдөр ҮХШХ-ноос Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын мастер төлөвлөгөөг танилцууллаа. Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төслийн Ерөнхий зөвлөх, олон улсын болон гадаадын хамтарсан Хуулийн зөвлөх үйлчилгээний компанийг шалгаруулах тендерийг зарлаж, АНУ-ын “Бектел” компани шалгарсан юм. Тус компани энэ жил төслийн мастер төлөвлөгөөг хийж дууссан бөгөөд төслийг өнгөрсөн зургадугаар сарын 25-нд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж баталсан байна.

Цогцолборын хүрээнд кокс, хар төмөрлөгийн, нүүрс хийжүүлэх, зэс хайлуулах, цементийн үйлдвэрүүд баригдах юм. “Сайншандын хүнд аж үйлдвэрийн цогцолбор нь манай улсын их бүтээн байгуулалтын төв болж буй говийн бүсэд, төмөр замын сүлжээний хамгийн ашигтай оновчтой байрлалд оршиж байгаагаараа давуу талтай”гэж төслийн ажилтнууд онцолсон.

Төлөвлөгөөнд тусгагдсанаар эхний жилүүдэд эрчим хүчний шинэ эх үүсвэр барихгүй, төвийн эрчим хүчинд холбогдно. Харин Кокс химийн үйлдвэр ашиглалтад орох үед үйлдвэрээс гарах уурын дулаанаар эрчим хүчээ хангах ажээ. Хамгийн түрүүнд Цементийн үйлдвэр 2016 оны эхээр ашиглалтад орох бол Зэс хайлах үйлдвэр хамгийн сүүлд буюу 2019 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй. 

Хөгжлийн банкны оролцоо 

Засгийн газраас “Бектел” компанийн боловсруулсан төлөвлөгөөг баталсан даруйд Хөгжлийн банкийг Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын Санхүүгийн зөвлөхөөр ажиллуулахаар заажээ. Хөгжлийн банкныхан төсөлд оролцогчдын дунд уулзалт зохион байгуулах, ерөнхий төлөвлөгөөг батлах, хөрөнгө оруулагчдад танилцуулга хийх, компанийн бүтцийг эцэслэн тогтоох эрх, үүрэгтэй юм байна. Мөн аж үйлдвэрийн цогцолборын дэд бүтцэд санхүүжилт олгох боломж нээлттэй гэдгийг Хөгжлийн банкны зээлийн мэргэжилтэн хэллээ.

Уулзалтад гадаад, дотоодын 20 гаруй компанийн төлөөлөл оролцож, төслийн төлөвлөгөө, үйл явцтай танилцсан юм. Хөрөнгө оруулагчид Сайншандын төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа нь анзаарагдсан. Уулзалтын үеэр ҮХШХ-ны Салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын дарга Б.Ганбаатартай ярилцлаа.

Хүнд аж үйлдвэрийн цогцолборыг ямар учраас Сайншандад барихаар болсон бэ?

Өнөөдөр манай эдийн засаг өсөлттэй, эерэг үнэлгээтэй байгаа боловч түүхий эд дээр суурилсан эдийн засаг тогтворгүй байдаг. Ийм учраас 2010 оны Засгийн газрын тогтоолоор Монгол улсад боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулах” төслийг хэрэгжүүлэхийг ҮХШХ-нд даалгасан. Тавантолгой, Оюутолгойгоос гарсан төмөр зам нь босоо тэнхлэгийнхээ замтай Сайншанд дээр огтлолцож байгаа. Төмөр замын уг зангилаа дээр үйлдвэрийн цогцолбор байгуулах боломж байна уу гэдгийг “Бектел” компаниар судлуулсны дүнд боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Засгийн газраас “Бектел”-ийн гаргасан төлөвлөгөөний дагуу цогцолборыг байгуулах дараа дараагийн алхмуудыг хийж, тодорхой арга хэмжээнүүд авч эхлэх тогтоол гарсан. Тогтоолын дагуу Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын захиргааг байгуулах ажлыг ТӨХ, ЭБЭХЯ-нд даалгасан. Мөн цогцолбортой уялдах дэд бүтцийн бүтээн байгуулалтын судалгааг хийх ажлыг холбогдох яамдад үүрэг болгосон.

Говийн бүсэд ялангуяа Сайншанд орчмоор усны нөөц хомс. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?

Одоогоор судлагдсан усны нөөц үнэхээр хомс байгаа. Усны нөөцийг нэмж бий болгох, нэмэлт судалгаа хийх чиглэл өгсөн. Тендер зарлаж судалгааг хийлгэнэ. Энэ мэт асуудлыг хэрхэн шийдэх, Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын хэтийн төлөвийн талаар мэдээлэл өгөхөөр өнөөдөр хөрөнгө оруулагчдад танилцуулга хийж байгаа юм.

Усны хайгуул, судалгааны тендер хэзээ зарлагдах бол?

Ус, дэд бүтцийн ажлыг төсвийн санхүүжилтээр хийнэ. Бид усны судалгааны төслийг боловсруулаад дууссан. Энэ сарын 15-ны дотор Сангийн яаманд төслийг өгнө. Уг төслийг Засгийн газар хэлэлцэж шийдээд, батлагдвал он гараад тендер зарлагдах байх.

Цогцолборыг байгуулахад хэдий хэмжээний санхүүжилт шаардлагатай байгаа вэ?

Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын хүрээнд 4-5 үйлдвэр байгуулах, үүнийгээ дагаад дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт хийх шаардлагатай. Эдгээрийг байгуулахад нийт 9.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Үүний 1.3 тэрбум ам.долларыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, 1 тэрбум ам.долларыг төр хувийн хэвшлийн түншлэлээр, үлдсэнийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бүрдүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахын тулд бизнесийн орчныг сайжруулах зайлшгүй шаардлага бий. Нэн тэргүүнд хууль, эрх зүйн орчныг таатай болгох хэрэгтэй байна. Мөн судалгаа, төлөвлөгөөг хөрөнгө оруулагчдад сурталчлан танилцуулах ажлыг хийж эхлэх гэж байна.  

Томоохон үйлдвэрүүдийг барьж, ашиглалтад оруулахад манайд мэргэжлийн боловсон хүчний асуудал тулгамддаг?

Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт инженер, техникийн ажилтны орон тоо 2500-2800 байна гэсэн тооцоо гарсан. Боловсон хүчнийг бэлдэх асуудлыг одооноос анхаарна. БСШУЯ, Японы Жайка олон улсын байгууллагатай хамтран  ажиллаж, эхний ээлжинд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд болон Япон улсад мэргэжилтэн бэлтгэх гэж байна.

О.Хосцэцэг

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж