Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг уриалав

Хуучирсан мэдээ: 2012.08.03-нд нийтлэгдсэн

Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг уриалав

Жил бүрийн наймдугаар сарын 1-7-ны өдрийг Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног хэмээн тунхаглаж, дэлхий нийт энэ өдрийг 20 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Ингэхдээ жил бүр өөр уриатай байдаг бөгөөд энэ жил “Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ төлөвлөе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй ажээ. Энэ талаар өнөөдөр Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас мэдээлэл хийлээ.

Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих долоо хоногийн зорилт нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд хийсэн ажлаа эргэн харах, ололт амжилтуудыг тэмдэглэх, цаашдын арга хэмжээг тогтоох, хүүхдийг эхийн сүүгээр хооллох бодлого хөтөлбөрт олон нийтийн анхаарлыг хандуулахад чиглэж байгаа аж. Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор эх, үрсийн эрүүл мэндийг хамгаалан дэмжихэд ихээхэн чухал ач холбогдолтой бөгөөд нярай хүүхдийг зөв хооллосноор тэдний хоол тэжээлийн байдал, өсөлт, хөгжлийг, улмаар тэдний амьдрах чадварыг сайжруулахад оршиж байгаа юм. НҮБ-ын Ерөнхий ассамблейн тусгай чуулганаар “Хүүхдэд  ээлтэй дэлхий ертөнц” тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөрийг гаргаж, дэлхийн хамтын нийгэмлэг, Шинэ мянганы нэгдсэн бодлого, зорилтыг дэвшүүлсэн НҮБ-ын  энэхүү бодлого чиглэлийг манай орон ч дэмжин нэгдэж, Хүүхдэд ээлтэй Монгол орон болох зорилт тавиад байгаа ажээ.

Хүүхдийн хөгжил, боловсрол, нийгмийн оролцоо, эрхийн хамгаалал, амьдралын орчин зэрэг олон талт асуудлыг хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлгүйгээр, Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнцийг төсөөлшгүй. Нялх хүүхдийг төрөнгүүт нэг цагийн дотор ангир уургийг амлуулах, мөн зургаан сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллох, хоёр нас хүртэл нь эхийн сүүгээр хооллохын хажуугаар зохистой нэмэгдэл хоолонд оруулах зэргээр хүүхдийг эхийн сүүгээр хооллоход дэлхий даяар ингэж ач холбогдол өгч байгаа нь үнэхээр зүй ёсны арга хэмжээ гэдгийг албаны хүмүүс онцоллоо.                     

                                                                                                                      Э.Сар  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж