Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Үүл, Ч.Улаан, С.Бямбацогт нар өнөөдөр сэтгүүлчдэд хандан, хэвлэлийн хурал хийлээ. Тус хурлаар тавдугаар сарын 27-ноос эхэлж хөдөө орон нутагт оршин сууж байгаа 170 гаруй мянган малчин өрх айл болон 330 гаруй сумдын төвд амьдарч байгаа 80 мянга гаруй айл өрх одоо хэрэглэж байгаа телевизийн тавган антеннийг ашиглан телевиз үзэх боломжгүй болж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Гишүүдийн хэлснээр одоо 240 мянган төгрөгөөр шинэ тавган антенн худалдан авч, хуучныг нь хэрэгцээнээс гаргах байдалд хүрээд байсан бол 24500 төгрөгөөр дуран, таваг хоёрыг нь хамт сольсноор илүү бага өртгөөр олон суваг үзэх боломжтой болж байгаа ажээ. Телевизийг дэлхийн стандартад нийцүүлэх, тоон системд шилжүүлэх ажлын нэг хэсэг тул гарцаагүй хийгдэх ёстой ажил гэдгийг тэд онцолж байв. Одоогоор шинэ антеннаар орон нутагт цацагдах 10 телевизийн нэрс хараахан тодорхой болоогүй байгаа аж. Ямартай ч тус 10 телевиз нь зар сурталчилгааны хууль зөрчдөггүй, садар самуун сурталчилдаггүй, оюуны өмчийгн хууль зөрчдөггүй зэрэг тодорхой хэмжээны шалгуурт тэнцсэн байх ёстой гэж Харилцаа холбооны хорооны дарга Б.Болдбаатар хэлж байсан.
Б.Алтансүх