К.Аннан “биелэгдэшгүй даалгавар”-аас татгалзав

Хуучирсан мэдээ: 2012.08.03-нд нийтлэгдсэн

К.Аннан “биелэгдэшгүй даалгавар”-аас татгалзав

Кофи Аннан Сири дэх  НҮБ-ын тусгай элчийн үүргээс албан ёсоор татгалзжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, хашир туршлагатай дипломатч гал зогсоох амлалтдаа хүрч, босогчидтой хэлэлцээр байгуулж чадаагүй Сирийн эрх баригчид болон Ерөнхийлөгч Башар аль-Ассадын дэглэмийг хүчээр унагах гэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хандлагыг зөөлрүүлэхийг хичээж байсан юм. Кофи Анна Сири дэх иргэний дайныг зогсоох гэж оролдох нь “биелэгдэшгүй даалгавар” хэмээгээд, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орон,  дэлхийн хүчирхэг гүрнүүд гараа хумхин сууж буйгаас иргэний дайныг дипломат аргаар зогсоох аргагүйд хүрсэн гэжээ. Сирийн дэглэмийг унагахын тулд олон улсын хамтарсан цэргийн хүч хэрэглэхийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоёр гишүүн ОХУ, Хятад эсэргүүцсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин саяхан Лондонд айлчилж, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмеронтой уулзахдаа Сирийн дотоодын асуудалд хөндлөнгөөс оролцохгүй гэсэн байр сууриа дахин илэрхийлжээ. АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд дотоодын улс төрийн хямрал нь иргэний дайн болон хувирсан Сирийн дэглэмийн эсрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа ч ОХУ,  Хятад зэрэг орнууд Ливид болсон шиг явдал Сирид дахин давтагдах ёсгүй гэж үзэж байгаа юм. В.Путиныг Лондон дахь айлчлалын үеэр Сирийн асуудлаар нааштай шийдвэрт хүрнэ гэж найдаж байсан ч ОХУ Сирийн эрх баригчдын талд хатуу зогсч байна. 2006 онд Лондоны нэгэн зочид буудалд Оросын тагнуул Александр Литвиненког хордуулж хөнөөснөөс хойш ОХУ, Их Британийн харилцаа тасарсан юм. Дээрх явдлаас хойш ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зургаан жилийн дараа Их Британид очсон нь энэ аж.

Сирид иргэний дайны хөлд нэрвэгдэж, амиа алдсан хүмүүсийн тоо өдрөөс өдөрт улам нэмэгдэж байгаа бөгөөд Башар аль-Ассадын дэглэмийг эсэргүүцэгч босогчид нийслэл Дамаск хотод хүрч, хулгайлсан танкуудаар цэргийн баазууд руу дайрч байгаа гэнэ. Харин Башар аль-Ассадын цэргүүд энгийн иргэд, босогчдыг ялгалгүй бөмбөгдөж байгаа аж. Босогчид байрлаж буй сургаар цэргүүд оршин суугчдын хорооллыг бөмбөгдөж байгаа тул хот тосгодод байсхийгээд бөөн бөөнөөр амиа алдагсдын оршуулга болдог байна. Өнгөрсөн лхагва гаригт л гэхэд Дамаск хотод бөмбөгдөлтөөр амиа алдсан 35 хүнийг оршуулжээ. 17 сарын өмнө Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөнөөр эхэлсэн бослого иргэний дайн болон хувирч, амиа алдагсдын тоо 19,000 хол давжээ. Кофи Аннан Сири  дэх НҮБ-ын тусгай элчийн үүргээс татгалзсаны дараа Ерөнхий  нарийн бичгийн дарга Бан Ги Мүн энхийн хэлэлцээ хийх өөр хүн хайж буйгаа мэдэгдсэн байна. Сириэс ирсэн хамгийн сүүлчийн мэдээгээр босогчид нийслэл Дамаск хотыг хяналтандаа авахаар тэмцэж байгаа бөгөөд цуст мөргөлдөөний голомт болоод буй Алеппо хот дахь цэргийн баазаас танкуудыг олзолж авчээ. 

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж