Н.Энхбаярыг ялласан нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2012.08.03-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярыг ялласан нь зөв үү?

МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг шүүх хурал гурван өдөр үргэлжилсний эцэст түүнд өчигдөр үдэш өндөрлөж, Н.Энхбаярт дөрвөн жилийн хорих ял оноосон.  Мөн түүний эзэмшлийн ТВ-9 телевизийн тоног төхөөрөмжийг улсын орлого болгож, дундын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд орших орон сууцнаас Н.Энхбаярт оногдох хувийг хураах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргасан.  Түүнчлэн 982 сая төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрт гаргуулж, 54 сая төгрөгийг Гандантэгчилэн хийдэд Н.Энхбаяр төлөхөөр болоод байгаа.  Харин түүнтэй хамт шүүгдсэн До.Чулуунбаатарт 2.1 жил хорих ял, 10 сая төгрөгийг гаргуулах, Ж.Мягмаржаргалд 3.6 жил, Лексус-470 маркийн машиныг хураахаар Сүхбаатар дүүргийн шүүхээс шийдвэрлэсэн. Харин Д.Дуламсүрэнд Эрүүгийн хуулийн 150.3, 263.2-т зааснаар хоёр жилийн ял оноосон ч бүхэлд нь “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулан сулласан билээ.

Шүүх хурлын шийдвэрийн талаар иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

Баянзүрх дүүргийн иргэн н.Сүхболд:

-Би МАХН-ын дарга Н.Энхбаярт долоон жилийн хорих ял оноосон явдлыг туйлын зөв гэж бодож байна. Өгсөн ял нь бага зэрэг хөнгөдчихөв үү дээ гэсэн хар төрж байсан. Жирийн иргэн хууль зөрчихөөр дөрөв байтугай жилийн ял өгдөг. Хэсэг хүмүүс  Ерөнхийлөгч байсан хүнээ ял өгч байгаа нь эвгүй юм уу даа гэж байна. Гэвч Н.Энхбаяр гэдэг хүн Ерөнхийлөгчийн ёс жудгаар ийм муухай авлигын хэрэгт холбогдох ёсгүй л байсан юм. Хуулийн өмнө бүх хүн тэгш эрхтэй шүү дээ.

Иргэн н.Оюунханд:

-Хууль бус шүүх хурал боллоо гэж бодож байна. Учир нь Н.Энхбаярыг буруутгах нотлох баримт хангалтгүй байсан гэж бодож байна. Гэхдээ Н.Энхбаяр мөнгө завших нь завшсан л юм шиг байгаа юм. Одоогийн төрд мөнгө идээгүй хүн гэж байдаг юм уу? Бүгд насаараа идэж, уух хөрөнгөө цуглуулах гэж л УИХ-ын гишүүн болохоор улайран дайрч байна шүү дээ.

Иргэн Г.Эрдэнэчимэг:

-Төрийн өндөр, дээд албан тушаалтныг шалгах, баривчлах гэсэн ойлголт урьд байсангүй. Энэ бол томоохон эхлэл, басхүү сургамж боллоо. Үнэхээр идэж уусан нь зөв юм бол цаашид бүгдийг нь шалгаж, ялыг нь өгөх хэрэгтэй.  Төрийн толгойд байгаа авлигалчдыг цэвэрлэх хэрэгтэй байна.

Иргэн Н.Эрдэнэжаргал:

-Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүнийг яллаж, гадаад улс орнуудад муугаа үзүүлж буй нь харамсалтай. Тухайн үед мөнгө завшиж байх үед нь шалгаагүй байж, одоо оройтож шалгаж байна гэж бодож байна. Өнгөрсөн борооны хойноос цув нөврөв гэгч л болох шив.

Д.Сэрдамба:

-Хууль хяналт, шүүх прокурор ардчилсан нийгэмд шударга ажиллалаа.  Н.Энхбаяр бол албан тушаалаа ашиглан бизнес эрхэлдэг байсан хүн шүү дээ. Хууль хяналтын байгууллага Ерөнхийлөгч байсан хүнийг худал гүтгэж, ял өгсөн зүйл байхгүй. Хамт идэлцсэн хүмүүсийг бас яллах хэрэгтэй. Ч.Улааныг одоо Н.Энхбаярын араас явуулах хэрэгтэй.

М.Чүлтэм:

-Үндэслэлтэй, гэм буруу хийсэн нь үнэн болоод л дөрвөн жилийн ял оноосон байх. Манай хуулийн байгууллага чинь шууд хүнийг гүжирдэх үйлдэл хийхгүй. Завшсан мөнгөтэй харьцуулахад оноосон ял нь хэтэрхий хөнгөн байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж