В.Путин жүдогийн дүрмийг тайлбарлав

Хуучирсан мэдээ: 2012.08.03-нд нийтлэгдсэн

В.Путин жүдогийн дүрмийг тайлбарлав

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр Сирийн асуудлаар Ерөнхий сайд Дэвид
Кэмеронтой хэлэлцэх далимаар Лондон 2012 олимпийн жүдогийн тэмцээнийг
үзэж амжсан гэнэ. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон түүнийг Сирийн
эсрэг арга хэмжээ авахад татаж оруулах гэж ятгаад дөнгөөгүй аж. Харин
дараа нь олимпийн цэнгэлдэхийн Грийнвич ордонд Олон улсын жүдогийн
холбооны хүндэт ерөнхийлөгч, жүдогийн хар бүст В.Путин Дэвид Кэмеронд
жүдогийн дүрмийг нэг бүрчлэн тайлбарлаж, ойлгуулах гэж яджээ. Орчуулагч
түүнд хар бүст Ерөнхийлөгчийн хэлснийг дамжуулж байх үед Дэвид Кэмерон
дуугүй толгой дохиж суусан гэнэ. В.Путин жүдогийн түүх, онол, бэлтгэл
сургуулилтын тухай ном хүртэл бичсэн билээ. 2006 онд Оросын тагнуул
Александр Литвиненког Лондоны нэгэн зочид буудалд хордуулж алснаас хойш
ОХУ, Их Британийн харилцаа тасарсан. Харин В.Путиныг Их Британид
айлчлах сургаар олон улсын хамтын нийгэмлэгийн орнууд Сирийн асуудлаар
нааштай хариу өгнө гэж хүлээж байсан ч хар бүст Ерөнхийлөгч Оросын
тамирчин Тагир Хайбулаев аваргын алтан медаль авсан жүдогийн тэмцээнийг
үзэх зорилготой байсан бололтой. Лондон хотын дарга Борис Жонсон
В.Путиныг костюмаа кимоногоор сольж дэвжээн дээр хүч үзэхийг ятгасан аж.
Их Британи дахь В.Путины айлчлалыг хамгийн их эсэргүүцсэн хүн нь
Лондонд учир битүүлгээр амиа алдсан тагнуул Александр Литвиненкогийн
эхнэр байсан гэнэ.

Н.ЭНХ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж