Лондонгийн зуны XXX олимпийн наадмын боксын төрөлд эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд эх орноо төлөөлж буй дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт өнөөдөр шөвгийн 16-д Италийн боксчин Винчензо Пикардитай тоглоно. Сугалаа ёсоор эхний тойрогт Азербайжаны тамирчин Элвин Мамишзадатай учраа таарсан тэрбээр өрсөлдөгчөө 18-11 (4-5, 7-3, 7-3) харьцаатай буулган авснаар шөвгийн 16-д шалгарсан юм. Түүний өнөөдрийн өрсөлдөгч нь Бээжингийн олимпийн хүрэл медальт, 2007 оны дэлхийн аваргын хүрэл, Европын аваргын хошой хүрэл медальт тамирчин ажээ. Тулаан Монголын цагаар 21.15 цагт эхэлнэ.
Залгуулаад, 21:45 цагт Монголын боксчин Б.Түвшинбат олимпийн рингэнд хоёр дахь тулаанаа хийнэ. Монголын ширэн бээлийтнүүдийн салхийг хагалж, долдугаар сарын 29-нд Лондонгийн рингэнд эхний тулаандаа Габоны тамирчныг ялсан тэрбээр өнөөдөр шөвгийн 16-д Францын боксчин Алексис Вастинтай тулалдана.
Мөн өнөөдөр ОУХМ Н.Баяраа Лондонгийн өрсөлдөөний талбарт эх орноо төлөөлнө. Монголын олимпийн түүхэнд анх удаа буудлага спортын урт бууны төрөлд онч сорьж буй тэрбээр өнөөдөр 50 метрийн хэвтээ байрлалаас буудах дасгалд өрсөлдөх юм. Тэрбээр долдугаар сарын 30-нд хийн урт бууны 10 метрийн олимпийн анхны сумаа буудаж, 593 оноогоор 23 дугаар байрт бичигдсэн юм. Харин өнөөдөр тэрбээр 16.00 цагт тэмцээнээ эхлүүлэх хуваарьтай байна.