Ардчилсан намын Хяналтын хороо шийдвэрээ гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын Хяналтын хороо шийдвэрээ гаргалаа


Ардчилсан намын Хяналтын хороо өнөөдөр хуралдаж, сая шийдвэрээ гаргасан байна. Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр болсон намын ҮЗХ, Гүйцэтгэх хорооны гишүүдийг сэлбэн сонгох ротацийн сонгуулийн дүнг зөвшөөрөөгүй хэсэг гишүүн намын төв байранд суулт зарлаж өдийг хүргэсэн билээ. Тэд ҮЗХ-ны хурлаар баталсан ротацийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байгаа юм. Нийслэлийн гурван дүүрэг, Дархан-Уул аймагт ротацийн сонгууль будилсан нь үүний шалтгаан болсон юм. Намын удирдлага зөвхөн Хяналтын хороо л асуудалд эцсийн хариу өгнө гэж байв. Тэгвэл өнөөдөр Хяналтын хороо шийдвэрээ гаргажээ.

Өнөөдөр өдөр Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, нийслэлийн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ  нар суулт зарлагсадтай уулзаж, эвлэрэх талаар зөвшилцсөн байна. Намын дарга Н.Алтанхуяг аль болохоор эвлэрэл зөвшилцлийн аргаар асуудлыг шийдэхээр хичээж буйгаа мэдэгджээ.

Хяналтын хорооноос гаргасан шийдвэрээр бол Ардчилсан намын дүрмийн 6.2-т заасны дагуу маргаантай асуудлыг эвлэрлийн журмаар шийдэж болдог ажээ. Энэ заалтын дагуу маргаантай асуудлыг маргаан гарсан дунд шатны намын байгууллагад буцааж дотооддоо асуудлаа шийдэх, эвлэрэх ярилцах нэг сарын хугацааг Хяналтын хорооноос өгсөн байна. Эвлэрэлд хүрч ярилцахад намын удирдлагууд Хяналтын хорооныхон оролцохоор шийдвэрлэжээ. Хэрэв асуудал энэ замаар шийдэгдэхгүй бол Ардчилсан намын гишүүдийн санал асуулгаар асуудлыг шийднэ гэж Хяналтын хорооны гаргасан шийдвэрт дурджээ. Харин суултад оролцогсдын олонхи энэ шийдвэрийг хүлээж авахгүй гэдгээ сая хэлсэн байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж