Сургууль, цэцэрлэгийн засварын ажил 35 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2012.08.03-нд нийтлэгдсэн

Сургууль, цэцэрлэгийн засварын ажил 35 хувьтай байна

Нэг сар хүрэхгүй хугацааны дараа хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Тиймээс сургууль, цэцэрлэгүүдийн засвар, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил ямар байгаа талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас тодрууллаа.

Манай улсад энэ оны байдлаар 119,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 254 барилга угсралтын ажил хийгдэж байгаа  бөгөөд үүний 88 нь сургууль, 80 нь цэцэрлэг, 26 нь спорт заал, 28 нь дотуур байр юм байна. Үүнээс сургууль цэцэрлэгийн засварт 16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт улсын төсвөөр хийгджээ. Мөн Дэлхийн банкны 10 сая ам.долларын хөрөнгөөр Орхон, Төв, Өвөрхангай аймагт Канад технологийн 40 цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг эхлүүлээд байгаа юм байна. Харин Жайка олон улсын байгууллагын хөрөнгөөр Улаанбаатар хотод зургаан сургуулийн барилга барьж байгаагаас 52 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад оруулж, Хужирбулангийн 640 суудалтай сургууль, Амгалан цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилгыг ирэх есдүгээр сард, харин  бусад барилгуудыг ирэх 2013 онд ашиглалтад оруулах гэнэ. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар бол хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө буюу наймдугаар сарын 25 гэхэд бүх сургууль, цэцэрлэгийн засварыг дуусгаж, улсын комисс шалган хүлээж авч, сургууль цэцэрлэгүүд хүүхэд багачуудаа хүлээж авахад бэлэн болно гэлээ. 

Э.ДОЛГОРСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж