Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон Олимпийн тоглолт Британийн эдийн засагт нэмэлт 17 тэрбум евроны орлого авчирна гэж амласан юм. Түүний энэ үгийг бараг инээдэм болгон хүлээн авчээ. Лондон тоглолтын эрхийг авч байх үеийн ерөнхий сайд Тони Блэйр үнэлгээндээ болгоомжтой байсан бөгөөд тоглолт бэлтгэлийнхээ зарлагыг нөхөх нь зайлшгүй гэж байлаа. Британийн эдийн засаг зогсонги байдалд орлоо. Гэхдээ Bank of England банкны үнэлгээгээр тус орны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2012 оны гуравдугаар улиралд тоглолтын буянаар 0,2 хувийн өсөлт гаргаж чадах ба тэр нь Сиднейн олимпийн тоглолт шиг санхүүгийн ашигтай байсан нөхцөлд гэдгийг хэлсэн байв. Харин дөрөвдүгээр улиралд тэр нь үргэлжлэхгүй бөгөөд эдийн засгийн хөөрөгдөл гарахгүй ажээ. Буудлуудын эздийн найдлага ч одоогоор биелэгдэхгүй л байна. Hotels.com зочид буудлын порталын мэдээгээр тоглолт эхэлхээс долоо хоногийн өмнө Лондоны зочид буудлуудын эрэлт хүлээгдсэнээс доогуур байжээ. Харин үнэ нь дөрөвний нэгээр унасан байв. Олон тооны жуулчид Лондонд очих төлөвлөгөөгөө өөрчлөн тоглолтыг телевизээр харахаар болжээ.
“Олимпийн тоглолтод маш их мөнгө зарсан ч бид аж үйлдвэрийн хувьсгалын үеэс ядуусийн дүүрэг байсан бараг бүх East End-ийг өөрчлөн шинэчилж чадлаа! “ гэж хотын эрх баригчид хэлж байна. Хаягдсан аж үйлдвэрийн хогширсон газарт Олимпийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахын тулд хоёр сая тонн газар шороог цэвэрлэж, олон мянган мод суулгасан байна. Олимпийн тосгон нь ойрын ирээдүйд 8000 шинэ байр болно. Цэнгэлдэх хүрээлэн ба усан спортын төвийг тоглолтын дараа багасгах шаардлага гарч магадгүй. Одоо төлөвлөснөөр тоглолтын төрлийн танхимуудын ихэнхийг цаашид ашиглах гэнэ East End дүүрэгт олноор байгаа энэтхэг, пакистанчууд спортын энэ танхимуудад хурим найраа хийх болно гэж тооцоолжээ. Харин Олимпийн тосгон барих газарт гэр байр нь 2007 онд орсон Жулиан Чейни сэтгэл дундуур байна. Түүнд өгсөн нөхвөр нь хүссэнийг нь авчирсангүй. “Энэ бол хуулийн дагуух булаалт” гээд тэр уцаартай байгаа. Дүүргийн жам ёсны хөгжлөөр хөөрөгдөж байгаад нь тэрээр дургүйцэж байгаа. Тоглолтын үеэр эсэргүүцлийн ажиллагаа явуулахаар төлөвлөөд байгаа Counter Olympics Network гэх байгууллагын лидерүүдийн нэг нь тэр болсон байна.
Энэ нэгдлийн өөр нэг лидер Глин Роббинс бас л дургүйцэлтэй. Ийм их зардал гаргаад харин түүнээс нутгийн хүмүүст унцгүй байгаад тэр сэтгэл дундуур үлджээ. Олон улсын онлайн-агентлаг YouGov санал асуулга явуулсан нь Роббинсийн хэлж буйг баталж байна. Британичуудын 64 хувь нь Олимпийн тоглолт энгийн хүмүүст ямар ч ашиг тус болохгүй гэжээ. Тэдний 40 хувь нь Лондонд тоглолт явуулахын эсрэг байжээ.
Лондончуудын хувьд найдлагагүйгээр хуучраад байсан газар доорх тээврийг шинэчилсэн нь жинхэнэ бэлэг болов. Олимпийн тоглолтод бэлтгэх хугацаанд энэ төсөлд нийтдээ 7,8 тэрбум евро оруулсан байна. Гэхдээ хатан хаан II Елизаветагийн хаан ширээнд суусан 60 жилийн ойн баярын үеэр Лондоны метро зорчигчдын урсгалын ачааллыг даагаагүй билээ. Зарлагын ихээхэн хэсэг нь аюулаас хамгаалах албанд ногдож байгаа. Хэдэн мянган цагдаа 18 мянга гаруй цэргийн албан хаагч Олимпийн аюулгүй байдлыг хангаж байна. Темза мөрөнд нисдэг тэрэг тээгч хөлөг онгоц байрлуулаад байгаа бөгөөд хотын ямар ч дүүрэгт тусгай ангийнхныг хүргэхэд бэлэн байна. Олимптйн цэцэрлэгт хүрээлэнг тойруулан цахилгаант хашааг байгуулсан ба түүний зардал нь 100 сая евро болжээ.
“Гол нь ялалт биш, оролцоо” гэсэн олимпийн уриа нь ивээн тэтгэгч компаниудад хамааралтай. ОУОХ тэднийг харин “түншүүд” гэдэг. Дэлхийн эдийн засгийн Гамбургийн хүрээлэнгийн шинжээч Хеннинг Фёпель (Henning Vцpel) олимпийн ивээн тэтгэлгийг дэлхийн нэртэй брэндүүдийн талаар яриа хийгдэж байгаа ч тэр болгон зөвтгөж чаддаггүй гэлээ. ОУОХ ч энэ үнэлгээг зөвшөөрч байна. Жишээлбэл, зээлийн VISA картын компанийн хувьцаа ОУОХ-ны мэдээгээр 24 хувиар өссөн байна. Гэтэл Acer ба Panasonic мэтийн цахим компаниуд олимпийг ивээн тэтгэж байгаа ч тэдний хувьцааны үнэ өссөнгүй. Гэхдээ л Лондоны олимпийн нэг ялагч хамгийн түрүүнд тодорсон нь ОУОХ юм. Дэд бүтцийн зардлыг зохион байгуулагч орон нь даадаг харин мөнгийг нь ивээн тэтгэгч орнуудаасаа ОУОХ л цуглуулдаг. Түүний орлогын гол хэсэг нь тоглолтыг үзүүлэх эрхийн наймаа юм. Зөвхөн ганцхан NBC Universal гэх америк компани Лондоны тоглолтыг дамжуулах эрх авахдаа ОУОХ-нд нэг тэрбум евро төлжээ.
