Тухайлбал АНУ-ын хангалтын удирдлагын хүрээлэнгийн гаргасан мэдээгээр бол дэлхийн хамгийн том эдийн засагтай энэ гүрний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн гаргалт хоёр дахь сардаа дараалан буурч ирсэн байна. Тэгвэл Их Британи улсын хувьд үйлдвэрлэлийн салбар дахь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн уналт сүүлийн гурван жил гаран хугацаанд хамгийн эрчимтэй явагдаж эхэлсэн аж. Евробүсийн орнуудад ч мөн үйлдвэрлэлийн уналт сүүлийн жилүүдэд байгаагүй хурдтайгаар явагдаж байгаа гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Харин Хятадын тухайд тус орны үйлдвэрлэлийн хэмжээ өсөлттэй байгаа хэдий ч сүүлийн найман сарын хамгийн муу үзүүлэлттэй байгаа буюу хурд нь ихээхэн саарч байна гэсэн мэдээлэл гарч байгаа ажээ. Үүний зэрэгцээ бизнесийн салбар дахь ажил хэргийн идэвхи муудсаар байгаа талаар америкийн шинжээчид дүгнэсэн байна. Тэдний үзэж байгаагаар бол өнгөрөгч сард АНУ-ын үйлдвэрлэлийн салбар дахь идэвхи сүүлийн гурван жилд анх удаагаа буурсан байдал ажиглагдсан гэнэ. Энэ байдлаас улбаалаад АНУ-ын эдийн засгийн өсөлт энэ оны хоёрдахь улирлаас эхлэн буурч эхэлсэн бөгөөд үүнтэй зэрэгцээд Их Британи болон Евробүсийн ихэнх орнуудад эдийн засаг дахь уналт үргэлжилсээр байгаа юм. Хятад ч мөн экспортод гаргадаг бүтээгдэхүүнийх нь худалдан авалт буурснаас болж эдийн засгийн өсөлт нь саарч байгаа бөгөөд дотоод дахь инфляцийн хэмжээ нь нэмэгдсээр байгаа билээ.
Эдийн засаг дахь тогтворгүй байдлын “сүүдэр” ажил хэргийн идэвхийг сулруулсаар байгаагаас дэлхийн томоохон хөрөнгө оруулагч орнуудын ажил хэргийн ертөнц царцанги байдалд орж байгаа гэнэ. Энэ сарын дүн байдлаар бол Их Британийн бизнес, ажил хэргийн идэвхи өнгөрөгч сараас шууд гурван хувиар буурсан гэж байгаа бөгөөд хүлээлтийн байдалтай энэ саармагжилт дахин ямар хугацаанд үргэлжлэхийг хэн ч тааварлаж чадахгүй байгаа аж. Тэгвэл Евробүсийн орнуудын бизнесийн идэвхи өнгөрөгч сарынхтай харьцуулахад энэ сард мөн л дөрвөн хувиар унасан байдалтай байна. Хамгийн эмзэглүүштэй мэдээлэл бол Европын эдийн засгийн чирэгч зүтгүүр нь болж байдаг Герман улс ажил хэргийн идэвхийн уналтаараа тэдэн дотроо тэргүүлж байгаа үзэгдэл юм.
Нөгөө талаар Өрнөдийн болон Хойд Америкийн өндөр хөгжилтэй орнуудын хэрэглэгчдийн идэвхи ч мөн суларсан нь дэлхийн эдийн засгийн эргэлтийг үндсэнд нь саатуулж байгаа аж. Шинжээчдийн гаргасан дүгнэлтээр бол өндөр хөгжилтэй орнуудын хэрэглэгчид экспортоор орж ирж байгаа барааг худалдан авах идэвхи 2009 оноос хойшхи хамгийн муу үзүүлэлттэй гарч байгаа нь тэдгээр орнуудад бүтээгдэхүүнээ гаргадаг хөгжиж буй орнуудын эдийн засагт маш муугаар нөлөөлж эхэлжээ. Тэгвэл дэлхийн хоёрдахь том эдийн засаг болох Хятад улсын үйлдвэрлэлийн идэвхи ч мөн унаж, өнгөрөгч сард 50.2 хувьтай байсан бол энэ сард 50.1 хувь болон буурсан аж. Хятадын албан мэдээнд дурдаж байгаагаар бол худалдан авалт болон үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний хэмжээ өссөөр байгаа боловч өнгөрсөн сартай харьцуулахад энэ сарын бүтээгдэхүүн захиалга буурч байгаа гэж мэдээлсэн байна.
Хэдийгээр Оросын засгийн газрын зүгээс тус улсын хувьд хямралын шинж тэмдэг багассан тухай мэдээлсээр байгаа ч Оросын эдийн засгийн эрч хүч суларсаар байна гэж шинжээч нар дүгнэж байгаа гэнэ. Оросын статистикийн газрын мэдээллээр бол энэ оны хагас жилийн байдлаар дүгнэхэд тус улсын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн гаргалтын хэмжээ мөн л 2009 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлттэй байгаа ажээ.Үүний дээр бүтээгдэхүүн боловсруулалтын салбар дахь бизнесийн идэвхи маш муу болсныг ч мөн дурдсан байна. Зарим талаар энэ байдал нь зуны амралтын саармагжилттай холбон ойлгож болохоор авч ерөнхий шалтгаан нь зах зээлийн эрэлттэй буюу Евробүсийн хямралтай шууд холбоотой ажээ. Оросын холбогдох яамны гаргаж байгаа мэдээллээр бол салбар бүр өөр өөр үзүүлэлттэй байгаа гэсэн дүгнэлт гарчээ. Энэ дүгнэлтээр бол хурдан өсөлттэй байгаа өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэл л ганцхан захиалгаа дагаад өсөх магадлал өндөр байгаа аж. Харин улирлын чанартай бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл дотоодын хэрэглээний бууралтаас болж үйлдвэрлэл болон ажиллагсдын тоо нь ч буурч байгаа аж. Тийм ч их биш экспортын шинэ захиалгын тоо нь тус салбарын уналтыг зогсоохоор хангалттай байж чадахгүй байгаа гэнэ. Мөн нефть бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт болон инфляцитай холбоотойгоор хэрэглээний эрэлт цаашид саарч болохоор нөхцөл байдал Орост нүүрлээд байгаа юм байна.
Тэгэхдээ Орост бас ч гэж зарим дүн мэдээ өсөлттэй гарч байгааг албан мэдээнээс үзэж болохоор байгаа юм. Тухайлбал бүтээгдхүүн гаргалт болон эдийн засгийн үйл ажиллагааны хувь хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.5 хувиар өссөн байгаа гэнэ. Хэдийгээр Орост өсөлт ажиглагдаж байгаа ч хямрал руу гулсах вий гэсэн болгоомжлол олонхи шинжээчдийн “амнаас гарч” байгаа ажээ. Энэ оны эхэнд Оросын ДНБ-ий хэмжээ таван хувиар өсч эрчтэй эхэлсэн боловч явц дундаа суларсаар байгаа гэдгийг тус улсын албаны эх сурвалж хүлээн зөвшөөрчээ. Эдийн засгийн өсөлт суларч байгаа нь нөгөө л Евробүсийн хямралтай холбоотой болж байгаа гэнэ. Европын орнуудын өрийн хямрал Оросын банк санхүүгийн идэвхид ч мөн нөлөөлсөн бөгөөд улмаар хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эрч улам бүр суларч байгаа юм байна. Оросын томоохон банк, үйлдвэрийн газрууд хөрөнгө оруулалтын гачигдалд орж эхэлсэн гэж зарим шинжээч нар дурдаж байна. Мөн Оросын дотоодын дэд бүтцийн төслүүд төдий л эрчимтэй ахиж чадахгүй байгаа нь хөрөнгө оруулалтын тодорхой бус ирээдүйтэй холбоотой аж. Үүний зэрэгцээ нефтийн болон бусад баялгийн ордууд дээрх үйл ажиллагаанууд хойшлогдох үзэгдэл элбэг гарч байгаа юм байна. Орост металлургийн болон томоохон тээвэрлэлтийн захиалгууд буурч, барилга байгууламжийн ажлын захиалга ч багасах болжээ. Оросын банкууд бизнесийнхэнд зээл өгөхдөө хойрго болж, харин иргэдэд илүү идэвхитэй үйлчилж байгаа нь ажил хэргийн орчинд итгэл алдарч байгааг харуулж байгаа бололтой.Нөгөө талаар ийм байдал нь итгэл даах томоохон хөрөнгө оруулалтын төслүүд зах зээл дээр бага байгааг харуулж байгаа гэнэ. Ийм томоохон, ирээдүйтэй төслүүдийг хэрэгжүүлэхгүйгээр Орост эдийн засгийн өсөлт гарахгүй гэж шинжээчид үзэж байгаа юм байна.
Нөхцөл байдал ийм болоход хүргэсэн бас нэг шалтгаан нь Оросын төв банкны инфляцийн эсрэг явуулж байгаа хатуу бодлого болж байгааг шинжээч нар хэлж байгаа юм. (Дашрамд дурдахад Монголбанкны бодлого ч мөн иймэрхүү байгаа бөгөөд ихээхэн шүүмж дагуулж байгаа билээ.ред) Оросын иргэдийн орлого ч нэмэгдэхээ больсны дээр хэрэглэгчдийн худалдан авалт саарч оросууд ерөнхийдөө хүлээлтийн байдалд орчихоод байгаа ажээ. Нэг үгээр хэлбэл дахиад нэг л буруу алхвал Европчуудын араас хальтирч орчих гээд байгаа бололтой.