Мэдээж УИХ-ын гишүүнийхээ нэр хүндийг ашиглаж хувийнх нь бизнесийн зам дардан болж буй нь ойлгомжтой. Харин энэ бүхэн тооцоонд ордоггүй. Харамсалтайн тэд ийнхүү цалин хөлс, урамшууллаар хангагдсан хэрнээ хууль тогтоох ажиллагаанд оролцохгүй байгааг юу гэж ойлгох билээ гэх бодол өөрийн эрхгүй төрмөөр. Намын эрх ашгаас илүү олон нийтийн эрх ашиг гэж бий. Тус намын 25 гишүүн ийнхүү хуралдаа суугаагүй, хууль тогтоох байгууллагыг улс төрийн зорилгоор гацаахыг оролдож байсан ч авдаг цалингаа авна гэдэг нь даанч шударга бус.
Угаас “УИХ-ын гишүүнд ажлын цаг гэж байдаггүй” тул тэдний ажиллаагүй хэмээн цалин урамшууллаас нь хасах эрх хэнд ч байхгүй. Ажил хийгээгүй 25 хүнд өгөх гэж буй тус бүрийнх нь нэг сая таван зуу орчим мянган төгрөгийг өөр зүйлд зарцуулах нь илүү зүйд нийцмээр.
Гишүүд хуралдаа ирж оролцохгүй ч цалингаа авсаар байдаг тухай өмнө нь УИХ-ын Тамгын газрын Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Д.Жанчивдорж “УИХ-ын гишүүн бол Төрийн ордонд ч, аймаг, сумын төвд ч, хотын захын гэр хороололд ч ажлаа хийгээд явдаг хүмүүс. Тийм учраас хурал, чуулганд сууснаар ажлыг нь дүгнэж болохгүй гэж үзээд хуралдаа ирээгүй байсан ч цалингаас нь хасдаггүй юм. Санхүүгийнхэнд тийм эрх нь ч байхгүй” хэмээн тайлбарлаж байжээ. Энэ тайлбар МАН-ын 25 гишүүнийг хууль тогтооход хуруугаа ч хөдөлгөөгүйнхээ төлөө цалин авах нь гэснийг харуулж буй юм. Хэрэв тэдний 25 гишүүн хийгээгүй ажлынхаа цалин урамшууллыг авахгүй гэх иргэний зориг гаргавал 40 орчим сая төгрөгийг илүү хэрэгтэй зүйлд зарцуулах боломж бий болно. Энэ мөнгөөр хэдэн хүний амьдралыг өөрчлөхөд элбэг хүрнэ. “Армани өмсөх гэсэнгүй. Зүгээр л хармааны ёроолд хэдэн төгрөг байхыг харах гэсэн юм. Та нарын нэг өдөрт үрдэг мөнгө, миний зорилгоо биелүүлэхэд хүрдэг мөнгө шүү” хэмээн дуулах дууг ажлаа хийдэггүй гишүүдэд сонсгохсон.