Тангаргаа өргөөд удаагүй байгаа УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа. Түүнтэй одоогоор шүүхээр асуудлаа шийдүүлэх гэж байгаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын талаар бус, харин шинэхэн гишүүнийг өөрийг нь хэн бэ гэдэг талаар ярилцахаар шийдсэн боловч яриа сүүлдээ өөрийн эрхгүй Н.Энхбаяр болсон байлаа.
-Та өөрийгөө танилцуулна уу. Сэтгүүлчид танаас өөрийн тань тухай биш Н.Энхбаярын талаар л их асуудаг байх л даа. Харин О.Баасанхүү гэж хэн гэдгийг сонирхмоор байна. Жишээлбэл, ямар боловсролтой хүн УИХ-ын гишүүн болов?
-Боловсролын хувьд Сонгинохайрхан дүүргийн 42-р сургуульд арван жилээ төгсгөсөн. Дараа нь 1997 онд МУИС-ын хуульзүйн сургуулийг төгсч, Удирдлагын академид хоёр жил багшилсан. Дараа нь олон улсын байгууллагад шашны эрх, хүний эрхийн чиглэлээр ажиллаж энэ хугацаандаа магистр хамгаалсан. Ерөнхийдөө бусдын итгэл үнэмшлийн тал дээр голлон ажилладаг байсан. 2000 оноос Advocate internatiol гэх олон улсын байгууллагыг төлөөлөн ажиллаж байсан. УИХ-д орж ирэхээс өмнөх гурван жилд Японы Элчин сайдын яаманд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн өмгөөлөгчийн хувьд янз бүрийн хүмүүст зөвлөгөө өгч иргэн, эрүүгийн, захиргааны гээд л хэргүүд дээр ажиллаж байсан даа. Ийм л товчхон түүх байна.
-О.Баасанхүү бага насандаа хэн байсан бэ?
-Ус зөөж, түлээ хагалаад эмээ дээрээ өссөн дөө. Аав минь жолооч, ээж минь хуучнаар төв түүхий эдийн баазад ажилладаг байсан. Би их чийгтэй орчинд төрсөн болохоор ракеттай, долоон нас хүртлээ хөлөөрөө явж чаддаггүй бөгсөөрөө гулгаж явдаг байсан. Дараа нь эрүүл агаартай орчинд манайх нүүж очиж байж гайгүй болсон. Бага насны өвчинтэй холбоотойгоор 25 нас хүртлээ шүд муутай байсан. Ингээд бүх шүдээ инфлантад оруулж байлаа. Ер нь хүн болохдоо бусдын хэлдгээр борчуулын амьдралаар л амьдарч хүмүүжсэн. Эмээ маань их нямбай, настайчуудын хэлдгээр хүрээний хүн байсан. Гол нь “юм сур” гэж хүмүүжүүлдэг байсан.
-Их сургуульд байхдаа хэр тодорч байв?
-Яах вэ, авч болох бүх л шагналыг нь авахыг хичээдэг байсан. Авч ч байсан. Тод санаж байгаагаас “Эврика” гээд эрдэм шинжилгээний уралдаан байна. Тухайн үед бүхий л салбарын оюутнууд багш нар оролцож уралддаг байсан. Эхлээд сургуулиас шалгарч гарах ёстой. Тухайн үед “төрийн албан хаагчийг авлигаас урьдчилан сэргийлэх асуудал” гэх илтгэл тавиад шалгарч байсан. Одоогийн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин тэгэхэд хоёрт орж байсан. Энэ илтгэлээрээ улсад түрүүлж байсан болохоор их тод санаж байна. Үүнийгээ амьдралдаа авч байсан хамгийн том шагнал гэж боддог доо.
-Хүмүүс өөрийг тань Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэг дээр ажиллаж байгаад л гишүүн болчихлоо гэж ярьдаг. Таны хуульч мэргэжлийн карьерийг илтгэх өөр ямар хэрэг дээр ажиллаж байсан бэ?
-Би ерөнхийдөө хоёр чиглэлээр ажилладаг. Нэгд, компанид хуулийн зөвлөгөө өгдөг. Хоёрт, тодорхой хэргүүд дээр өмгөөлөгчөөр оролцдог. Олны дунд сүүлийн үед дуулиан болж байгаа ихэнх хэргүүд дээр ажилласан. Жишээ нь, Гончиг гуайн 15 настай охины амь насыг хохироосон хэрэг, АТГ-ын дарга Э.Амарбатыг гүтгэсэн хэрэг, Ч.Сангарагчаагийн тагнаж чагнасан хохирогчийн талын өмгөөлөгчөөр ажилласан хэрэг, Гадаадад амь насаа алдсан Ганчимэгийн хэрэг дээр Өмнөд Солонгост очиж ажилласан, Мөн саяхан Японд нэг хэргээр яваад ирсэн. Хэнтий аймгийн иргэн Японы нэг иргэнтэй гэрлээд хүүхэдтэй болсон чинь нөгөө талын аав ээж нь хүүхдийг нь аваад явчихсан байгаа юм. Д.Энхмандахын хэрэг хамгийн сүүлийнх нь юм уу даа. Эдгээр хэргүүд дээр ажиллаж байхдаа хэн нэгний амьдралыг ганц хоёр хүн яаж ч шийдэж болдог юм байна гэдгийг ойлгоод их эмзэглэсэн.
-Жишээлбэл?
-Д.Энхмандахын хэргийг хэлж болно. ХААН” банкнаас 30 сая төгрөг зээлсэн, “Эрдэнэ суварга” компанийг үүсгэн байгуулагч Д.Бат-Эрдэнэ, түүний эхнэр Б.Сувдаа нарыг залилан мэхэлж, 15 сая төгрөгийн үнэтэй машиныг нь зарсан хэрэгт буруутгагдаж байсан юм. Гэсэн ч энэ хэргүүдийг цагаатгасан. Энэ хэрэг зүрх шимширмээр. Таван жилийн өмнө тэрээр энгийн нэг багш байсан. Аав, ээж нь хотод байхдаа бие нь өвдөөд нас барсан. Ингээд хотод ирж ажилд орсноор орон гэрээ алдаж, дөрвөн сартай жирэмсэн байхад нь хууль бусаар Ганцхудагт хориод насаар нь тахир дутуу, дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болсон. Үүний төлөө прокурорт 25 мянган төгрөгийн сахилгын арга хэмжээ л авч байгаа юм. Ер нь миний ажиллаж байсан хэргүүд хувь хүнийх гэхээс илүү хууль шүүхийн байгууллагын хууль бус ажиллагааны эсрэг байсан.
-Та өмнө нь УИХ-ын гишүүн болно гэж бодож байв уу?
-Ний нуугүй хэлэхэд өмнө нь найзууддаа “Би УИХ-ын гишүүн болно” гэж хэлдэг байсан. Хүн юунд зорьж байгаа вэ гэдэг нь чухал. Хүн хэчнээн хол зорилго тавина тэр хэрээр амжилт ирдэг гэж боддог.
-УИХ-ын гишүүн болчихлоо. Одоо юу хийх вэ?
-Маш олон зүйлийг бодож байна. Гол нь шударга ёс тогтоохын төлөө ажиллана. Шударга ёс гэж миний бодлоор хуульд нийцсэн үйлдлийг хэлэх байх. Иймд хууль өөрөө шударга байх ёстой. Хууль тогтоох байгууллагад орж байгаа юм чинь шударга хууль гаргахын төлөө тэмцэх болно.
-Өөрийг тань үл ойшоох хандлага ажиглагдах юм уу?
-Тэр тийм сүртэй зүйл биш л дээ. “Хүн эхлээд чамайг тоохгүй байна. Дараа нь чамайг шоолно. Дараа нь муулна. Эцэст нь чамайг дагана” гэх үг бий. Одоогийн байдлаар намайг шоолох талаас муулах тал руугаа явж байх шиг байна. УИХ-ын гишүүнээр дөрөвдэхь жилдээ ажиллахад дагадаг болгоно гэдэгт итгэлтэй байна. Зөв зүйлийн төлөө явж байгаа юм чинь ард түмэн миний талд байх болно.
-Таны төлөвшсөн хувийн үзэл бодолтой чинь намын нөхдийн чинь хийж буй зүйл зөрөлдвөл яах вэ?
-Яах вэ парламент олонхиор асуудлыг шийддэг. Мэдээж бүлгийн хуралдааны шийдвэрийг дагах нь зөв. Гэвч УИХ-ын гишүүний өөрт ногдсон бүрэн эрх гэж бий. Энэ бүрэн эрхэд халдсан зүйлтэй харин эвлэрэхгүй.
-Жишээ нь Н.Энхбаяр дарга тань буруу зүйл хийгээд, танд шийдэх эрх нь байлаа гэхэд та хариуцлага хүлээлгэхээр кноп дарах уу?
-Асуудлын гол нь Н.Энхбаяр, эсвэл Н.Алтанхуяг гэдэгтээ биш. Гол нь бүх зүйл хуулийн дагуу л явах ёстой. Уг нь байгаа асуудлыг нэг их томруулах хэрэггүй юм. Төрийн хүн гэхээр том, жирийн хүн жижиг байна гэсэн зүйл байхгүй. Өнөөдөр Н.Энхбаяр даргын хуралтай зэрэгцээд хажууд нь Д.Энхмандахын хурал ч болж байгаа. Гэтэл Д.Энхмандахын хуралд хэн ч ач холбогдол өгч очоогүй. Гэтэл том асуудал нь Д.Энхмандахын хурал дээр байсан шүү дээ. Н.Энхбаяр дарга бол улстөрч хүн. Монголын түүхэнд өнөөдөр юм хийсэн хүнийг л яллаж байсан юм шиг санагддаг. Хэрэв үнэхээр Н.Энхбаяр буруутай зүйл хийсэн бол би буруутгах кноп даралгүй яах вэ.
-Надад нэг зүйл их адилхан санагдаад байна. МАН нь УИХ-ын даргыг томилох асуудалтай холбогдуулан Өвөрхангайн тойргийн асуудлаар гарсан шүүхийн шийдвэрийг өөрчлөхийн тулд улс төрийн аргаар Ардчилсан намтай зөвшилцөх тухай ярьж байгаа. Харин МАХН нь Н.Энхбаярын шүүх хурлын асуудлаар барьцаалж хамтарсан засгийн бүрэлдэхүүнд байх эсэх тухай ярьж байна. Шүүх нь шүүхээрээ, улс төр нь улс төрөөрөө явж болдоггүй юм уу?
-Ялгаатай. Сайн бодвол энд хоёр өөр зүйл яваад байгаа. Би хувь хүнийхээ хувьд “Хан-Уул дүүргийн шийдвэр юу л бол доо. Буруу биш байгаадаа” гэж боддог. Гэхдээ түүний зөв бурууг шүүх тогтоох гээд явж байгаа. Харин үүнийг З.Энхболдыг томилсон асуудалтай холбон ярьж байгаа нь буруу. З.Энхболд гэдэг гишүүнийг УИХ-ын даргаар томилох асуудал нь процессийн асуудал. Процесст алдаа байж болно, алдаагүй ч байж болно. Гэхдээ процесст оролцоод л шийдэж зүйл.
Харин манай тохиолдол дээр улс төрийн хэлмэгдүүлэлттэй эвлэрэх эсэх асуудал шүү дээ. Бид өнөөдөр бүлгийн эрх ашиг, эсвэл Төмөрхүү нарын хоёр хүний өмнөөс яриагүй, Монгол Улсын нийт хүн амын 40 хувийн өмнөөс ярьж байна. Н.Энхбаяр даргыг маргааш сонгуульд өрсөлдүүллээ гэхэд Монгол Улсын нийт хүн амын 45 хувь нь дэмжинэ гэдэг нь судалгаагаар батлагдчихсан. Гэтэл бидний гишүүд тэдгээр 40 хувийн өмнө хариуцлага үүрээд энд сууж байгаа. Гэтэл тэдгээр иргэд маань энэ болоод буй процессийг улс төрийн хэлмэгдүүлэлт гэж харж байна. Хэрвээ хэлмэгдүүлэлт биш бол 300 цагдаа авчирч баривчлах ямар ч хэрэгггүй шүү дээ. Уг нь гурван цагдаа ирж гадаа нь манаж хоноод л “За бид ингээд бариад явлаа” гэж телевизээр харуулаад л болох байсан. Эсвэл улс төрийн хэлмэгдүүлэлт биш байсан бол сонгуульд оролцуулахгүй байх шийдвэр гаргахгүй байх байсан. Сонгуульд оролцуулахгүй байх процесс нь зүгээр л тоглоом байхгүй юу. Би багшаар ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд энэ бүхэн сүүлд нь түүх болоод л сурах бичиг дээр бичигдэх болно. Хууль гэдэг чинь их нарийн зүйл. Хуулийн дагуу хийх ёстой зүйл хийгдээгүй зүйлтэй МҮАН-МАХН-ын шударга ёс эвсэл эвлэрэхгүй л гэж байгаа хэрэг. Ингээд харахаар өөр байгаа биз дээ. Ардын нам УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн хоёр гишүүнийхээ өмнө хариуцлага хүлээж тийм зүйл ярьж байгаа бол бид сонгогчдын 40 хувийн өмнө хариуцлага хүлээж байна. Би эрх баригч намын гишүүдтэй уулзаж ярилцаж байхад “Н.Энхбаяр даргыг яллана гэдэг жинхэнэ улс төрийн хэлмэгдүүлэлт” гэж хэлж л байна билээ. Ер нь бол дээр байгаа арваадхан хүнд л шийдвэр гаргах эрх мэдэл байгаа. Иймд бид нийт иргэдийнхээ талд байх уу, эсвэл тэр арваад хүний талд байх гэдгийг сонгох болж байгаа юм. Манай намын гишүүн З.Баянсэлэнгийг хүн зодсон гээд хэрэг үүсгэсэн дээ. Угтаа бол тийм зүйл байхгүй л дээ. Тэр зодуулсан гээд байгаа Мөнхбаатарыг нь би мэднэ. Яах вэ, уулзахаараа “Зодуулсан асуудал нь юу болж байна” гэхэд “Тийм зүйл байхгүй шүү дээ” гээд инээгээд сууж байх жишээтэй. Ер нь их утгагүй зүйлийг шүүхийнхэн хийдэг. Төрсөн ахыг нь гадаадаас ирэнгүүт нь барьж хориод “дүүгээ олж ир” гэж шаардаж болохгүй биз дээ.
-Н.Энхбаяртай холбоотой хэргийн шийдвэр та нарын санаснаар болохгүй бол эвслийн хувь заяанд хэрхэн нөлөөлөх вэ?
-Үүнийг бүлэг шийднэ. Би бүлгийн өмнөөс хариулж болохгүй байна. Энэ удаагийн сонгууль бусад сонгуулиас онцлогтой. Бие даасан мөрийн хөтөлбөр хэнд ч байхгүй. Тойрогтой хүнд ч байхгүй, тойроггүй хүнд ч байхгүй. Мөн энэ удаагийн сонгуульд намын нэрээр олон хүн сонгогдсон. Иймд намын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж ярьж байгаа гишүүд. Иймд нам эвслээс гаргасан шийдвэрээ л дагах ёстой. Ард түмний 70 хувь үндсэндээ нь намыг сонгосон.
-Орон нутгийн их хурлын сонгуульд МАХН хэрхэн оролцох гэж байна?
-Энэ талаар ярилцаж байгаа. Хэрвээ эвслийн гэрээ хэвээр байвал хэрхэн оролцох яриа хэлэлцээр яригдах байх.