Хуучирсан мэдээ: 2012.08.03-нд нийтлэгдсэн

“Н.Энхбаяр дарга утсаар ярьсан гэсэн…” Шүүх дээр ямар ч нотлох баримт боломгүй гайхалтай үг. Олимпоос дутахгүй сониучханаар зурагтынхаа өмнө сууж экс Ерөнхийлөгчийн шүүх хурлыг үзэж байгаа хүмүүсийн хувьд учрыг нь олох аргагүй гайхашруулах олон олон үгсийн нэг нь л энэ. Төрийн өмчийн хорооны дарга нь төрийн өмчийн компанийн захиралдаа “Ерөнхийлөгч утсаар ярьсан шүү” гээд хэлчихэд л хэдэн ч тонн ачааны мөнгийг авахгүй байж болдог юм байна. Хэдийгээр нь нэг кг ачаагаа 15 ам.доллар төлөн авч яваа иргэдийн хувьд энэ гомдолтой санагдах авч төрөөс төрсөн тэрбумтнуудын хувьд “шүлс”-ний дайтай сонсогдож байж магадгүй юм. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийнхөө, улс орныхоо төлөө “бичсэн” номыг Засгийн газар нь хэвлүүлж, төрийн өмчит ганц нислэгийн компани нь үнэгүй тээвэрлэж авчирсан байхад гайхаад байх юу байна аа гэж манай Н.Энхбаяр ах их гайхаж байгаа юм байна. Яг л социализмын үед дарга нарын бүхий л хэрэглээ үнэгүй байсан шиг. Бас түүн шиг гайхаж байгаа хүмүүс ч мэр сэр байгаа бөгөөд “Хэдэн тэрбумаар нь л идсэн уусан гээд байдаг… үхсэн хойноо …” гэсэн харууссан маягийн тайлбартай “гайхалт” ч бас байна.

Басхүү “Ерөнхийлөгч байсан бол ингээд л ганцхан утасдаад л асуудал болгоныг шийдүүлнэ …” гэсэн “цагаахан” атаархал ч бас төрөх шиг. Бас нэг сонирхолтой зүйл нь гэвэл Төрийн өмчийн хорооны дарга асан нь эцэстээ тэгж утсаар ярьсан эсэхээ “санахгүй” байгаа юм.

Н.Энхбаярыг буруутгаж байгаа хэргүүдийн хамгийн “том” нь мэдээж хэрэг Эрдэнэт үйлдвэрт ган бөмбөлөг шахсан тухай асуудал. Зарим компанийн хувьд зүүдлээд ч эс олдох энэ боломж бас л “Ерөнхийлөгч ярьсан шүү” гэсэн үгээр л гялалзтал бүтсэн бололтой юм. Магадгүй энэ бүхэн мөсөн уулын зөвхөн цухуйж ядаж буй орой нь ч байж болох. Гэхдээ энэ бүхэн юу өгүүлнэ вэ?

Дээр хэлсэнчлэн “Ердөө л энэ гэж үү” гэж “чамлам” энэ хэргүүд хэдийгээр Н.Энхбаяр гэсэн хүнд хамаатай, тодорхой асуудлуудын хүрээнд гарч ирж байгаа ч өнөөгийн Монголын нүүр царай, тогтсон жишгийг шууд илэрхийлж байгаа бус уу? Өнөөдөр үнэндээ хэн нэгэн “Энхбаяр”-тай танил бус, хэн нэгэн “Энхбаяр”-т хээл хахууль атгуулаагүй, хэн нэгэн “Энхбаяр”-ын халаасыг хүндрүүлээгүй ажил бүтэх үү? Та энэ асуултад хариулаад үзээрэй. Энэ бол танилтай бол талын чинээ гэдэг Монголын зүйр цэцэн үгийн утга нь үндсээрээ алдагдаж, “Даргатай бол…” гэсэн утга илэрхийлэх болоод байгаа өнөөгийн цаг үеийн дүр. Тиймдээ ч өнөөдөр хэн нэгэн Дорж “ажил”-аа бүтээхийн тулд үй олон “Энхбаяр”-тангуудад наалдах хэрэгтэй болдог. Борооноор шүхрийн дор зогсч байж хуурай үлддэгийн адил аль ч том компани, бизнесмэн хэн нэгэн “Энхбаяр” хамгаалалт, нөмөр нөөлөг дорж байж гэмээнэ “ажил” нь бүтнэ, бүр гашуунаар хэлэх юм бол бизнесээ аварч үлдэнэ. Өнөөдөр л гэнэт Хууль зүй, дотоод хэргийн сайдаар хоёронтаа ажилласан Ц.Нямдорж вээр Монголын төрд компаниуд ноёрхох боллоо гэж тэнхээ мэдэн хашгирч байгаа болохоос биш  утсаар ярих “Ерөнхийлөгч” үгүй бол таны бизнес урагшлахгүй ээ гэдгийг монголчууд бүгд “ойлгодог” болсон, ялангуяа бизнесмэнүүд. Ялангуяа бизнес томрох тусам хүссэн ч эс хүссэн ч тэд “Энхбаяр”-тангуудтай “ойртох”-оос өөр арга үгүй болно. Эс тэгвээс “ажил” бүтэх нь бүү хэл “ажил”-аа алдаж ч магадгүй. Тийм ч учраас олигарх гэдэг үг чанга сонсогдох  болсон. Бүр олигархи болохгүй бол бизнесийн замаас арчигдан үлдэх “хувь тавилан” хүлээж буй юм биш биз гэсэн айдас аль хэдийнэ бий болоод байсан. Өнөөдөр “даргатай” ойр хүн л бизнестэй байдаг энэ хууч өвчнийг засч эмчлэхгүй л бол ийм “хувь тавилан”-гийн зам аль хэдийнэ дурайж эхлээд байгаа гэдгийг сануулсугай.  Магадгүй өнөөдөр хэн нэгэн утасдахын төдийд хүсэл бүхэн нь биелдэг, хэн нэгэн дарга албан тушаалаа “ашиглаагүй” гэвэл иргэд нь гайхдаг. Хэн нэг нь хэн нэг шүүгдэгчийн холбогдож байгаа хэргийг “Ердөө л гурав, дөрөвхөн сая доллар…” гэж “чамладаг” энэ бүх шинж тэмдгээр бол “дарга”-тай наалдаагүй л бол ажил нь бүтдэггүй, олигарх нэр зүүхгүй л бол бизнес нь урагшилдаггүй “хувь тавилан”-тайгаа хэдийнэ эвлэрээд эхэлсэн мэт.

Дарга гэдэг “ойрхон” хүндээ хүслийг биелүүлэгч шидэт дохиур мэт, “хол”-ын хүндээ, өөрөөр хэлбэл жирийн иргэдийн олонхийн хувьд хөл гараас нь зүүсэн дөнгө мэт байдаг бөлгөө. Бид уг нь дөнгөгүй амьдармаар л байна.

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж