Олимпийн анхны хос медальтан төрлөө

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

Олимпийн анхны хос медальтан төрлөө

Дэлхийн зон олныг нэгэн дээвэр дор нэгтгэсэн олимпийн наадам эхэлснийг тунхаглаж, дэлхийн 205 орныг илэрхийлэх 205 ширхэг цэцгийн дэлбээ нэгдэн нийлж, олимпийн ариун гал бадамласан цаг мөчөөс эхлэн “дэлхийн нүд” Лондонг онилов. Олимпийн эхний өдрөөс баярт мэдээ хүлээж суусан монголчуудын хүсэл, итгэл найдвар, баяр бахдалын цангааг тайлж, жүдо бөхийн ОУХМ С.Ням-Очир долдугаар сарын 30-нд жүдо бөхийн 73 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн бол Найдангийн ТҮВШИНБАЯР өнөөдөр Лондонгийн тэнгэрт алтан соёмбот төрийн далбаагаа мандууллаа. Тэрбээр Лондонгийн олимпийн татамигаас мөнгөн медаль хүртсэнээр олимпийн наадмаас хошой медаль хүртсэн Монголын түүхэнд анхны тамирчин боллоо. Н.Түвшинбаяр ийн олимпийн 21 дэх медалийг эх орондоо авчирч байгаа юм.

Дэлхийн сая сая хүний адил монголчууд бид ч спортын гайхамшигтай түүх бүтээгчид. Монголчуудын олимпийн түүхийг эхлүүлсэн Токиогийн жим, монгол хүн олимпийн анхны медалийг энгэртээ гялалзуулсан Мехикогийн олимп, Монголын тамирчид алтан соёмбот далбаагаа тэртээ дээр мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн Бээжингийн олимп гээд хоёр сая гаруйхан бидний спортын бахархал их ээ.

Тэгвэл зөвхөн спортоос мэдэрч болох тэр аз жаргал, баяр хөөр, үндэсний бахархал өнөөдөр дахин нэг түүхэн үйл явдлаар баяжлаа. Монголчуудын олимпийн хагас зууны түүхэнд олимпийн хос медальтантай болсон энэ өдөр монголчуудын эв нэгдэл, баяр бахдалын өдөр болж байна.

Бээжингийн зуны 29 дэх удаагийн олимпийн наадамд аваргыг давж аварга болсон Н.Түвшинбаяр Лондонгийн татамид ч босоо байж, Монголын түүхэнд олимпийн хошой медаль хүртсэн анхны тамирчин хэмээн цоллуулах эрхэм хүндэтгэлийн эзэн боллоо.

Тайландын жүдоч Теерават Хомклинийг ердөө 55 дахь секундэд цэвэр ялснаар ялалтын буухиагаа эхлүүлсэн тэрбээр удаахь барилдаандаа дэлхийн аваргын хүрэл медальт, Францын жүдоч Тьерри Фабрег сөхрүүлж, улмаар Узбекистаны жүдоч Рамзиддин Саидовыг Golden score буюу нэмэлт цагт үүрэх мэхээр цэвэр ялснаар хэсгийн аварга болсон. Узбекистаны жүдоч нь 2004 онд 81 кг-ын жинд Ази тивийн аварга болж байсан, 2006 оны Дохагийн Азийн наадамд 90 кг-д зодоглож, хүрэл медаль хүртэж байсан чамгүй хүчтэй өрсөлдөгч байлаа. Ингээд хагас шигшээ барилдаанд 90 кг-ын жинд дэлхийн аварга цол хүртэж байсан, БНСУ-ын жүдоч Хван Хи-тэйтэй барилдаж, хүндхэн тулаанд юүко үнэлгээгээр өрсөлдөгчөө ялсан юм. Барилдааны явцад түүний хөлийн бэртэл сэдэрсэн ч эцсийн мөч хүртэл тэсвэр хатуужлаар өөрийгөө, өрсөлдөгчөө ялан дийллээ. Хэдий бэртлээ сэдрээсэн ч мэдээ алдуулагч тариулаад, монголчуудынхаа итгэлийг тээж, олимпийн татамид хүч шавхан барилдаж, олимпийн аваргын төлөө 2009 оны Европын аварга, 2011 оны дэлхийн аварга, ОХУ-ын жүдоч Тагир Хайбулаевтай хүч үзэж, цэвэр ялагдлаа.

Ерөөс олимпийн талбарт сул өрсөлдөгч гэж үгүй. Дэлхийн долоон тэрбум хүнээс шигшигдсэн тэднийг ялж, дийлж, давж гарсан Н.Түвшинбаяр монголчууд бидний үндэсний бахархал.

Финалын барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.




С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж