Дархан, Сэлэнгийн бүс нутагт Металлургийн цогцолбор буюу хар төмөрлөгийн үйлдвэрийг Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Сангийн яам, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл, Германы “IBO” компани зэрэг гадаад, дотоодын яам, агентлаг, компаниуд хамтран байгуулахаар болсон байна. Энэ дагуу цогцолборын төсөл боловсруулах зөвлөлдөх уулзалт өнөөдөр Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд болсон бөгөөд үүнд ХБНГУ-ын “IBO” компанийн зөвлөх Иорг Оверлаендер, Металлургийн цогцолборын түүхий эдийн нөөц, дэд бүтцийн урьдчилсан судалгааны болон Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн багийнхан оролцлоо.
Металлургийн цогцолборыг Дэлхийн банкны санхүүжилтээр барих ба жилдээ 0.5-1 сая тонн ган гаргаж авах хүчин чадалтай байхаар төлөвлөж буй юм байна. Цаашдаа улс орны хэрэгцээ өсөхийн хэрээр хүчин чадлаа нэмэгдүүлж, дотоодын зах зээлээ хангаад зогсохгүй гадаадад гаргах боломжтой гэнэ. Урьдчилсан тооцоогоор Металлургийн цогцолбор, түүнд шаардлагатай кокс-химийн үйлдвэрийг байгуулахын тулд 500-800 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай ажээ. Энэ талаар Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн зохицуулагч Б.Энхбаатараас тодрууллаа.
-Цогцолбор байгуулж, ган төмөр боловсруулахад түүхий эдийн нөөцийг хэрхэн шийдэх вэ?
-Хар төмөрлөгийн үйлдвэрт, цогцолборыг байгуулж, боловсруулсан төмөр гаргаж авахын тулд голлох түүхий эд болох төмрийн хүдэр, коксжих нүүрсний нөөцийг ашиглах юм. Ингэхдээ Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Тавантолгой, Найман сухайт, Төмөртэйн ордыг ашиглана. Бүс нутгаар нь үзвэл, түүхий эдийн нөөцийн 24 хувийг баруун, 29 хувийг зүүн, 54 хувийг Төвийн аймгуудын нүүрсний орд, нөөцийг түшиглэнэ.
-Том бүтээн байгуулалт хийхэд эрх зүйн орчин хангалттай гэж үзэж болох уу?
-Металлургийн цогцолборыг Засгийн газрын 2008-2012 оны мөрийн хөтөлбөр болон 2009 оны Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөрийн тухай 229 дүгээр тогтоол, Засгийн газраас эхний ээлжинд хэрэгжүүлэх томоохон төслийн жагсаалтыг батлах тухай 320 дугаар тогтоолын хүрээнд байгуулах юм байна. Энэ нь хар төмөрлөгийн цогцолборыг байгуулахад хангалттай эрх зүйн орчин болох тухай төслийн багийнхан тайлбрлаж байсан.
-Цогцолбор барих ажил ямар шатандаа явж байна вэ?
-Одоогоор төслийг боловсруулах шатандаа явж байна гэж хэлж болно. Ингэхийн тулд суурь судалгаа гаргах бөгөөд Герман улсын зөвлөхийг урьж авчраад байна. Үүний дараагаар гадаад, дотоод зөвлөхүүдийн боловсруулсан технологийн аль нь Монголд тохиромжтой вэ гэдгийг тооцохын тулд технологийн туршилт хийнэ. Үүнд үндэслээд техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулна.
-Хэзээ баригдаж дуусах бол?
-Одоогоор судалгаагаа хийж эхлээд, боловсрууллаа гэхэд, жилээс, нэг жил хагасын дараа босгочих байх гэсэн таамаг байна.
-Дотооддоо гангийн үйлдвэрлэлийг сайжруулж байгаа юм чинь гадаад улсаас боловсруулсан төмөрлөгийг импортлох дамжлагыг халж байгаа гэсэн үг үү?
-Тэгэлгүй яахав. Гол зорилго нь энэ юм. Монголын Дарханы үйлдвэр хаягдал төмрийг ашигладаг бол энэ нь өдрөөс өдөрт багасч байна. Тиймээс заасан хүчин чадалдаа хүрч ажиллаж чадахгүй байгаа. Одоогоор Монгол Улс төмрийг гадаадад экспортлоод эргүүлээд сайн чанарын бэлэн бүтээгдэхүүн авдаг. Металлургийн цогцолборыг байгуулснаар энэ урсгалыг Монголдоо бий болгох том ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, хүдрээс ган гаргаж авах технологи нэвтрүүлэх нь байна. Мөн үүнийг дагаад ажлын байр нэмэгдэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, цаашлаад эдийн засгийн өсөлтийг хангах юм.