Авто замын газрын дарга Б.Энхтөр болон холбогдох албаны бусад хүмүүс Архангай, Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймагт баригдаж байгаа зам8 гүүрийн барилгын ажлын явцтай танилцжээ. Дээрх аймгуудад 13 зам, гүүрийн ажил хийгдэж буй аж. Завхан аймагт гэхэд Их-Уул сумын Идэрийн голын дээгүүр 170 метр урт төмөр бетон гүүрийг “Тосгол” ХХК барьж байгаа бөгөөд аравдугаар сард ашиглалтад оруулах гэнэ. Харин Увс аймгийн Наранбулаг-Хяргас нуур чиглэлийн 85 км авто зам 45 хувьтай хийгдэж, 11 сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Авто замын газрын дарга Б.Энхтөр энэ үеэр гүүр хоолой хиймэл байгууламжийн ажлыг хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлж ажиллаа гэрээний хугацаандаа багтааж замын ажлаа дуусгах үүрэг өгчээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж байгаа Манхан-Ховд чиглэлийн 85.3 км авто замын ажлын далан ухмалын ажил 33 хувьтай явагдаж байна. Тус ажлыг гүйцэтгэгч “Чайна гоузуба” компани болон зөвлөх компанийн инженерүүдэд энэ сарын 15-ны дотор багтааж хучилтыг хийж эхлүүлэх гүүр хоолой хиймэл ажлыг мөн эрчимжүүлэхийг үүрэгджээ. Энэ үеэр Хөгжлийн банкны санхүүжилтээр баригдах Алтай-Дарви чиглэлийн 80 км авто замын ажлын нээлт Говь-Алтай аймгийн Алтай хотод болсон байна.
Э.САРАА