
Уг нь өнөөдөр 15.00 цаг гэхэд эрхэм гишүүдэд аль байнгын хороонд ажиллах саналтай байгаагаа эцэслэн дуулгахыг УИХ дахь бүлгүүдийн дарга нар даалгаад байжээ. Гэтэл гурав дахь өдрөө үргэлжилж буй МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурлын эцсийн дүнг харахаар болж чуулганы хуралдаан дахиад л гацаанд орсон талаар дуулдаж байна.
Өнөөдөр үдээс өмнө хуралдсан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хурал ширүүхэн болж МАХН-ын дарга Н.Энхбаярын асуудал хаашаа эргэхээс хамтарч байгуулах Засгийн газрын хувь заяа шалтгаална гэсэн байна. Хэрэв Н.Энхбаяр даргад ял оноовол “Шударга ёс” эвслийнхэн хамтарсан Засгийн газарт орохгүй, шинэ цагийн хэлмэгдүүлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг талаар ч бүлгийн хурлаар хэлэлцжээ.
Ийнхүү өнөөдөр товлогдоод байсан анхдугаар чуулганы хуралдаан шүүх хурлын дүн хаашаа эргэхээс шалтгаалан хойшилжээ. Дөнгөж сая чуулганд зориулан нээгээд байсан чуулганы танхимын хаалгыг Төрийн ордны хамгаалалтынхан хааж цоожиллоо. Хээ угалзтай хаалга хэзээ нээгдэж, маргааш хэдэн цагаас чуулганыг хуралдуулах нь тодорхойгүй үлдэв.