
Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монгол улсад салхины хүчийг ашиглан эрчим хүч гаргах салхин тээрэм барих төсөлд 100 сая ам.долларын санхүүжилт хийсэн байна. Энэхүү салхин тээрэм барих төслийн бүтээн байгуулалт нь эхэлсэн бөгөөд төслийн техникийн зөвлөгчөөр “Mott MacDonald” компани ажиллаж байгаа ажээ. Салхины эрчим хүчний төслийн хүрээнд салхины хүчийг эрчим хүч, цахилгаан болгон хувиргах эрчим хүчний үүсгүүрийг барьж, Монголын төв цахилгаан сүлжээтэй холбох ажил хийгдэх юм байна. Энэхүү төслийн бүтээн байгуулалтийн ажил энэ оны сүүл гэхэд бүрэн хийгдэж дуусах гэнэ. “Mott MacDonald” компаний төслийн захирал Clare Rhodes-James “Монгол улс нь зундаа +50 хэм, өвөлдөө -50 хэм хүрдэг эрс тэс цаг ууртай. Ийм оронд салхины эрчим хүчийг ашиглах салхин тээрэм барина гэдэг чадвар сорьсон ажил. Мөн энэ нь Монголын төвийн цахилгаан сүлжээтэй холбогдох сэргээгдэх эрчим хүчний анхны төсөл гэдгээрээ онцлог юм.” гэж мэдэгджээ.