Чуулганыг 16.00 цагаас үргэлжлүүлнэ гэжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

Чуулганыг 16.00 цагаас үргэлжлүүлнэ гэжээ

УИХ-ын Анхдугаар чуулганыг өнөөдөр 16.00 цагаас үргэлжлүүлж, байнгын хороодын бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөөд байгааг эх сурвалж хэллээ.

УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд шинээр эмхлэн бүрдсэн УИХ-ын үйл ажиллагаа ойрноос хэвийн болж эхэллээ. Үүний нэг илрэл нь өчигдөр хуралдсан анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хуулийн төслөө гишүүд санал нэгтэй баталсан явдал юм.

Эрхэм гишүүн Н.Батбаяр, Х.Тэмүүжин, Н.Батцэрэг, С.Оюун, С.Эрдэнэ нарын гишүүд УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-ын даргад өргөн барьсныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэнээр УИХ-ын эрх зүйн орчныг боловсронгуй болгох анхны алхам хийгээд байна.   

Төрийн байгуулалтын байнгын хорооны харьяанд Өргөдөл, гомдлын дэд хороо байгуулж үйл ажиллагаа явуулж буй ч иргэд, сонгогчдод төдийлөн ач холбогдолтой  биш, хязгаарлагдмал хүрээнд ажиллаж байгааг өөрчлөн бүтэц, зохион байгуулалтын хувьд ч дэвшилттэй байдлаар зохицуулах нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр шинэ хуулиар УИХ-ын бүтцэд Өргөдлийн байнгын хороо байгуулахаар болсон юм. Хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, УИХ-ын хянан шалгах чиг үүргийг мэргэшүүлэх, УИХ-ын бүрэн эрхээ хэрэгжүүлэх нэмэлт хэлбэрүүдийг хуульчлах зэрэг олон асуудлыг эрх зүйн хүрээнд боловсронгуй болгох шаардлагатай байгааг харгалзан ийм эрх зүйн зохицуулалт хийж байгаа аж. Ингэснээр УИХ-ын бүтцэд нэг Байнгын хороо шинээр нэмэгдэж, шинэ парламент найман Байнгын хороотой ажиллахаар болж байна.

 Түүнчлэн шинэ хуулиар Байнгын хороодыг түргэн, шуурхай ажиллах нөхцөл боломжоор хангах үүднээс нэг Байнгын хороог 10-19 гишүүнтэйгээр ажиллуулах, нэг гишүүн нэгэн зэрэг гурваас дээшгүй Байнгын хороонд харьяалагдах эрх зүйн орчин бүрдүүллээ. Өмнөх хуулиар нэг гишүүн нэгэн зэрэг хоёроос дээшгүй Байнгын хороонд харьяалагддаг байсан юм. Шинэ хуулиар Байнгын хорооны тоо нэгээр нэмэгдсэнээр Байнгын хорооны гишүүдийн дээд хязгаар нь 19, доод хязгаар нь ердийн олонхийн хэмжээнд байхаар ийнхүү өөрчилсөн байна.

Хуулийн шинэ орчинд зохицуулж УИХ дахь нам, эвслийн гишүүд, бие даагчид Байнгын хороонд харьяалагдах саналаа ирүүлж эхлээд байна. Мөн МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүдэд 15.00 цаг гэхэд аль байнгын хороонд харьяалагдах саналаа ирүүлэх хүсэлт хүргүүлээд байгаа юм.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж