М.Мэндсайхан медалийн оосроос атгаад алдлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

М.Мэндсайхан медалийн оосроос атгаад алдлаа

Бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Энэтхэгийн нийслэл Нью Дели хотноо эхэллээ. Энэ сарын 16-ныг дуустал үргэлжлэх тус тэмцээнд Ази тивийн 16 орны 200 орчим тамирчин өрсөлдөж байгаагаас манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй долоон жингийн ангилалд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна. Тэмцээний нээлтийн ажиллагаа өчигдөр болж, эхний өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 60, 74, 96 кг-ын жингийн барилдаан болж өнгөрсөн. Харин манай тамирчдаас өчигдөр 60 кг-д Г.Мандахнаран, 74 кг-д М.Мэндсайхан, 96 кг-ын жинд Я.Алтантулга нар Нью Делигийн дэвжээнд гарч барилдсан юм. Г.Мандахнарангийн тухайд эхний тойрогт Узбекистаны бөх Бахрам Эрматовтой учраа таарч барилдан, 7:0 харьцаатай ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол Я.Алтантулга 96 кг-ын жингийн ангилалд мөн эхний барилдаандаа БНСУ-ын бөх Ким Жае-ганд 3:0 харьцаагаар ялагдаж, энэ удаагийн Азийн аваргыг орхижээ. Харин 74 кг-ын жинд хүч сорьсон М.Мэндсайхан эхний тойрогт Тайванийн Тин Чао Пенг 12:1, хоёрдугаар тойрогт Японы Казүюүки Нагашимаг 8:5-аар ялж, медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд манай тамирчин Ираны Саейд Нематоллах Риахитай барилдаж, 3:0 харьцаатай ялагдсанаар Ази тивийн аваргын медалийн оосроос атгаад алдлаа.
Харин өнөөдөр тэмцээний эрэгтэйчүүдийн 55, 66, 84 болон 120 кг-ын жингийн барилдаан болж байгаа бөгөөд манай тамирчдаас 55 кг-д Т.Даваахуяг, 66 кг-д П.Өнөрбат, 84 кг-д Д.Түгждорж, 120 кг-ын жинд Ж.Чулуунбат нар өрсөлдөж байна.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж