Захиргааны хэргийн шүүхүүд 2012 оны эхний хагас жилд 939 нэхэмжлэл, гомдол хүлээн авч, 213 нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлүүлэхээр харьяаллын дагуу байгууллагад шилжүүлэх шаардлагыг хангуулахаар нэхэмжлэгчид нь буцааж, 411 хэргийг хянан шийдвэрлэжээ. Энэ нь өмнөх оноос 51 хэргээр буюу 11 хувиар буурчээ. Хянан шийдвэрлэсэн захиргааны хэрэг Төв, Хөвсгөл, Баянхонгор, Булган аймгуудад 45, Хэнтий Говьсүмбэр, Сэлэнгэ, Завхан аймгуудад дөрөв дахин өссөн бол Баян-Өлгий, Увс, Архангай, Дорнод, Сүхбаатар, Өвөрхангай, Ховд, Орхон, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудад 67 хувиар буурчээ. Харин нийслэл болон Говь-Алтай аймагт өнгөрсөн оны мөн үетэй адил байгаа аж. Хянан шийдвэрлэсэн захиргааны хэргийг газрын маргаан 26.5 хувийг, ашигт малтмал 19.7, төрийн алба 16.8, татвар 7.3 хувийг эзэлж буй тухай “Нийгмийн толь” сонин өнөөдрийн дугаартаа мэдээлжээ.