2.3 сая ам.долларын хуурамч дэвсгэрт илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

2.3 сая ам.долларын хуурамч дэвсгэрт илрүүлжээ

Перугийн цагдаа нар тус улсын нийслэл Лима хотын нэгэн байшингаас 2.3 сая ам.долларын хуурамч мөнгө болон үүнийг хийхэд хэрэглэгддэг цаас, тусгай будаг зэргийг олж илрүүлж, тэнд байсан хүмүүсийг баривчилсан байна. Хуурамч мөнгийг үйлдвэрлэсэн хүмүүсийн ард зартай “Quispe Rodriguez” гэх бүлэглэл нуугдаж байгаа гэж цагдаа нар таамаглаж байгаа гэнэ. Перугийн цагдаагийн газрын дарга Раул Салазар “Энэхүү бүлэглэл нь 50 ам.долларын дэвсгэртийг хуурамчаар үйлдвэрлэж, Перугийн хилээр бэлэг дурсгалын зүйлс дотор нуун АНУ-руу гаргахаар төлөвлөж байсан” хэмээн мэдэгджээ. Хуурамч мөнгө үйлдвэрлэсэн хэрэгтнүүдээс “Quispe Rodriguez” бүлэглэлийн Alfredo Obando Paredes гэгч этгээд баривчлагдсан  байна. Перуг хамгийн их хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэгчидтэй орон гэдэг. Энэ жил л гэхэд Перугийн цагдаа нар 17 сая ам.долларын хуурамч дэвсгэртийг илрүүлсэн байна. Хоёр долоо хоногийн өмнө цагдаа нар сая сая хуурамч ам.доллар, евро болон Перугийн мөнгөн тэмдэгт “соль”-ийг олж илрүүлжээ. “Quispe Rodriguez” бүлэглэлийн толгойлогч Joel Rodriguez Quispe гэгч  этгээд одоо шоронд хоригдож байгаа юм байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж