Найруулагч Б.Чингүүн энэ сарын 5-наас эхлэн дараагийн уран бүтээлийн ажилд орох нь ээ. Тэрбээр энэ удаад Япон найруулагчийн хамт бүрэн хэмжээний уран сайхны киног найруулах юм байна. “Монголын залуу бейсболчийн тэмдэглэл” хэмээх нэртэй уг киног Японы “Earl grey film”-тэй хамтран хоёр орны уран бүтээлчид хийх гэнэ. Киног Монгол-Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа үүсч, хөгжсөний 40 жилийн ойд зориулан хийж байгаа ба кино зохиолыг Монголд бейсболын багшаар ажиллаж байсан япон залуугийн өдрийн тэмдэглэлээс сэдэвлэн бичжээ. Харин тус киноны гол дүрд Японы сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал тоглоно гэх мэдээлэл гарсан нь ташаа, харин их аварга кино бүтээхэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа тухай найруулагч Б.Чингүүн дуулгасан юм. “Монголын залуу бейсболчийн тэмдэглэл” кино ирэх жилийн намар үзэгчдийн хүртээл болох юм байна.
Г.ДАША