Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах газрын дарга нарын төвшний ээлжит II, III уулзалт болжээ. Сүүлийн жилүүдэд хоёр орны эдийн засгийн харилцаа өргөжиж байгаа учраас боомт дахь ачааллыг багасгах үүднээс хоёр талын шинжтэй хилийн дөрвөн түр боомтыг байнгын ажиллагаатай болгох шийдвэрийг энэхүү уулзалтаас гаргажээ. Энэ талаар “Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт тодруулснаар Бургастай-Лаоемао, Хавирга-Ар хашаат, Ханги-Мандал, Баян-Хошуу-Өвдөг зэрэг боомтыг байнгын ажиллгаанд шилжүүлэхээр тохиролцсон байна. Энэ дагуу Гадаад харилцааны яамнаас дээрх шийдвэрийг БНХАУ-ын талд мэдүүлж, ноотоор нотолсон байна. Ингэснээр манай улсыг БНХАУ-тай холбодог байнгын ажиллагаатай хилийн 13 боомт дөрвөөр нэмэгджээ. БНХАУ-ын тал дээрх шийдвэрийг хүчин төгөлдөр мөрдөж эхлэх учраас Говь-Алтай аймгийн Бургастай, Дорнод аймгийн Хавирга, Баянхошуу, Дорноговь аймгийн Ханги боомт байнга ажиллахаар болсон байна.
Э.САР