Төрийн ажил жигдрэх тийш хандлаа

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

Төрийн ажил жигдрэх тийш хандлаа

УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр Х.Тэмүүжин, С.Эрдэнэ, Н.Батбаяр, Н.Батцэрэг, Ц.Даваасүрэн нарын гишүүд УИХ-ын дарга З.Энхнболдод өргөн мэдүүлж, улмаар Төрийн байгуулалтын байнгын хороо, анхдугаар чуулганаар хэлэлцэн баталснаар багагүй хугацаагаар саатаад байсан төрийн ажил гацаанаас гарч жигдрэх шинжтэй боллоо.

УИХ-ын нэг гишүүн гурван байнгын хороонд ажиллах боломжийг өчигдөр баталсан хуулиар нээж өгснөөр олонхийг бүрдүүлээд буй АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН, бие даагч гишүүд байнгын хороодоо байгуулаад явахад буруудахааргүй болов. “Шударга ёс” эвслийн хоёр гишүүн өчигдөр тангараг өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж буй УИХ-ын гишүүдийн тоо 71 боллоо.

Тэднээс МАН-ын 25 гишүүн УИХ-ын даргыг хууль бусаар сонгосон болон Өвөрхангайн хоёр гишүүнийг парламентад оруулж ирэх асуудлаар АН-тай зөвшилцөх байр сууриасаа ухрахгүй хэмээн чуулганы хуралдаанд орж ирэхгүй байгаа юм. Харин олонхийг бүрдүүлж буй үлдсэн 46 гишүүн өнөөдөр бүлгүүдээ хуралдуулж байнгын хороод нэмж байгуулах асуудлаа хэлэлцээд үдээс хойш чуулганы хуралдаан хийе гэсэн байр суурьтай байгаа юм байна. Чуулганы нэгдсэн хуралдаан дээр байнгын хороод нэмж байгуулан бүрэлдэхүүнийг баталбал орой байнгын хороод хуралдаж дарга нараа сонгох бололтой.

Лондонгийн олимпийн тоглолтын нээлтэд оролцохоор явсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орондоо ирж буй тул Ерөнхий сайдыг санал болгох асуудлыг ч шуурхайлахаар болж байгаа аж.

Ийнхүү өнөөдрөөс төрийн гацаа ээлж дараагаар тайлагдаж, ажил жигдэрч мэдэхээр  шинжтэй боллоо.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж