Аргентинтай хөдөө аж ахуй, спортын салбарт хамтарна

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Аргентинтай хөдөө аж ахуй, спортын салбарт хамтарна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Бүгд Найрамдах Аргентин Улсын Элчин сайд ноён Сесар Фернандо Маёоралын итгэмжлэх жуух бичгийг өнөөдөр хүлээн авлаа. Дэлхийд уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тэр дундаа мах бэлтгэл, жимс, дарс болон хөлбөмбөгийн спортоороо алдартай Аргентин Улстай, Монгол Улс 1971 оны 9-р сард дипломат харилцаа тогтоожээ.
“Таныг Аргентин Улсын тэргүүлэх салбарууд дээр түшиглэн хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хүчин зүтгэл гарган ажиллана гэдэгт итгэж байна. Монгол Улс, Аргентин Улстай уул уурхай, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэр, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэхийн төлөө байдаг. Манай хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа эхлэлийн түвшинд байгаа ч бидэнд нөөц бололцоо бий” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Элчин сайдыг хүлээн авч уулзах үеэрээ хэллээ. Элчин сайд С.Ф.Маёорал, хоёр орны харилцааг өргөжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно гээд, “Би хүүхэд байхдаа Чингис хааны байгуулсан Эзэнт гүрний тухай сонирхон уншиж байсан. Үлгэр домгийн мэт санагдаж байсан тэр оронд ирсэндээ баяртай байна. Өнөөдөр танай улс Азийн ардчиллын үлгэр жишээ улс болон хөгжиж байгааг харахад бахархалтай байна. Таны хэлснээр, бид ялангуяа хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжтой. Аргентин улс үхрийн мах экспортлогч орны хувьд энэ чиглэлээр дэмжлэг үзүүлж болно” гэлээ. Аргентин Улс нь үхрийн махны чиглэлээр үржлийн үрийн дэлхийд томд тооцогдох мэдээллийн сантай юм байна. Ерөнхийлөгч, Элчин сайдтай, монголоос малын эмч нарыг Аргентинд сургах, хөлбөмбөг, поло гэх мэт спортын зарим төрлөөр хамтын ажиллагааг эхлүүлэх зэрэг тодорхой асуудлуудаар санал солилцож ярилцав.
Элчин сайд Сесар Фернандо Маёорал нь Парагвай, Швейцарь, Франц улсуудад ажиллаж байсан туршлагатай дипломатч юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж