Ширэн бээлийтнүүдийн гараа амжилттай

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

Ширэн бээлийтнүүдийн гараа амжилттай

Дөрвөн жилийн өмнө Бээжингээс рингнээс олимпийн анхны аваргаа өлгийдөн авсан Монголын ширэн бээлийтнүүд энэ зуны олимпийн наадамд дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож буй билээ. Өмнөх олимпийн амжилтаа давтах, цаашилбал ахиулах зорилго өвөртлөн олимпийн нийслэлийг зорьсон тэд ямартай ч эхний даваагаа амжилттай даваад байна.

Олимпийн наадмын гурав дахь өдөр буюу долдугаар сарын 29-нд эрэгтэйчүүдийн 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат Монголын боксчдын салхийг хагалж, эхний тулаанаа хийсэн. Сугалаа ёсоор эхний тойрогт Габоны тамирчин Янник Митоумба Мбемитэй таарсан тэрбээр 17-4 (5-1, 6-1, 6-2) харьцаатай илт давуу ялалт байгуулсан юм. Анхны олимпдоо оролцож буй Б.Түвшинбат маргааш Францын боксчин Алексис Вастинтай тоглоно.

Харин удаахь өдөр нь Гавьяат тамирчин Н.Төгсцогт Лондонгийн рингэнд тулалдаж, өрсөлдөгчөө буулган авсан. Тэрбээр эхний тойрогт Азербайжаны тамирчин Элвин Мамишзадатай тулалдаж, 18-11 (4-5, 7-3, 7-3) харьцаатай онооны давуугаар өрсөлдөгчөө ялсан юм. Өнгөрсөн жил Азербайжаны нийслэл Баку хотноо болсон ДАШТ-д олимпийн эрхийн төлөөх тулаанд ялагдаж байсан Н.Төгсцогт ийнхүү даагаа нэхэж, эхний хүчтэй өрсөлдөгчөө төвөггүй буулган авсан. Тэрбээр Олон улсын сонирхогчдын боксын холбоо /AIBA/-ноос санаачлан зохион байгуулсан “World Series of Boxing” буюу Дэлхийн лигт тулалдахдаа нэг багт бэлтгэл хийж байсан өрсөлдөгчөө ийнхүү хожсон билээ. Түүний дараагийн өрсөлдөгч нь Бээжингийн олимпийн хүрэл медальт, 2007 оны дэлхийн аваргын хүрэл, Европын аваргын хошой хүрэл медальт, Италийн боксчин Винчензо Пикарди. Дэлхийн лигийн тэмцээний хүрээнд нударга зөрүүлж байсан хоёр тамирчны тулаан маргааш болно.

Монголын ширэн бээлийтнүүдийн ялалтын буухиаг үргэлжлүүлж, өчигдөр Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ эхний учраагаа буулган авсан. Сугалаа ёсоор Чехийн Зданек Хладектэй учраа таарсан тэрбээр 20-12 (6-3, 7-5, 7-4) харьцаатай илүүрхсэн юм. Түүний дараагийн тулаан ирэх бямба гаригт болох бөгөөд Маврик улсын тамирчин Рикарно Колинтой тоглоно.

Мөн өдөр Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамба Лондонгийн рингэнд эхний тулаанаа хийнэ. Эхний тойрогт гоц мөргөсөн түүний өрсөлдөгч нь Энэтхэгийн Девендро Сингх Лаишрам юм.


ОУХМ Б.Түвшинбат анх удаа олимпийн рингэнд тулалдаж, эхний өрсөлдөгчөө яллаа.


Гавьяат тамирчин Н.Төгсцогт дэлхийн аваргаар ялагдаж байсан Азербайжаны тамирчныг илт давуу ялж, даагаа нэхлээ.


Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ ширэн бээлийтнүүдийн ялалтын буухиаг үргэлжлүүлж, Чехийн тамирчинг яллаа.

У.Мөнх-Эрдэнэ. Олимпийн рингэн дэх анхны тулааны өмнө …

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж