Ноён Ерөнхийлөгчийн Их Британи болон бусад улс орноос ирсэн олон арван хөрөнгө оруулагчдад өгсөн мессеж нь ээлжит анхааруулах дуудлага байлаа.Монгол улс хөрөнгө оруулагчдын хувьд хүнд төвөгтөй, зугтахыг хичээдэг улс байсан бол одоо тэдний зорихыг хүсдэг сайхан орон болж эрс өөрчлөгдөж чадлаа гэж тэрбээр хэлсэн үгэндээ онцлон дурдлаа.
Монгол бол онцгой жишээ бүхий орон. Ардчиллаар тийм ч “баялаг” бус бүс нутагт ардчиллын жишээ болсон улс. Байгалийн арвин их нөөцөөрөө дэлхийд гайхагдан ид яригдаж буй. Монголын уул уурхайд хөрөнгө оруулж буй компаниуд нь Хятадын түүхий эдийн эрэлтийг хангаж байна.
Гэхдээ Улаанбаатараас явуулж буй бодлого ерөнхий утгаараа ч, хөрөнгө оруулалтын талдаа цоорхойтой байна. Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж болон Монголын бусад улстөрчдийн гадныхныг нутагтаа уриалан дуудаж буй өнгө аяс нь үндсэрхэг үзэл нь улам дэвэрсээр буй эх орондоо буцаж очмогц өөрчлөгдчихдөг. Олон зууны тэртээгээс монголчуудад өвлөсөн хятадуудаас болгоомжлох, цэрвэх айдас нь одоо Хятад улс Монголын газар шороог мөнгөний тусламжтай амархан эрхшээлдээ оруулж чадна гэсэн айдас болон хувирчээ.
Монголын улстөрчид гадаадын хөрөнгө оруулалтад хязгаарлалт тавьсан хууль баталж, энэ хуулийн дагуу хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахын тулд тусгай зөвшөөрөл авах шаардлагатай болж байгаа юм. Шинэхэн батлагдсан хууль нь гэрээ хэлцэл, уул уурхай төслүүдийг зогсонго байдалд оруулж байгаа төдийгүй үүнээс улбаалан “нэг өглөө сэрэхэд” Монголын газар нутаг Хятадын мэдэлд орсон байх эрсдэлтэй гэсэн улс төрийн номлол дэлгэрч байгаа нь гадныхны санааг зовоож байна.
Үүссэн нөхцөл байдал Монголд идэвхитэй бизнес хийдэг гадаадын хөрөнгө оруулагчдыг санаа зовинож буй дуу хоолойгоо илэрхийлэхэд хүргэж байгаа юм. Тэдний хэлж буйгаар Монголд бизнес хийхэд улам бүр хэцүү болж байна.
Гадаадын зуун хувийн хөрөнгө оруулалттай нэгэн компанийн ерөнхийлөгч “Таймс” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Монголд гаднын хөрөнгө оруулагчид бизнес хийхийг уриалж, дэмжинэ гэдэг ч бодит байдал дээр бизнэс хийхэд маш төвөгтөй, таамаглашгүй орон болж байна. Хөрөнгө оруулагчид ярьж шуугиад байгаа арваин нөөцтэй эрдэс баялгийн салбарт нь хөрөнгө оруулж амжилт олохыг хүсч байгаа боловч бодит байдал дээр ямар бэрхшээлтэй болохыг олж мэдвэл дайжихад хүрэхээр хэмжээнд очиж байна” гэсэн байна.
“Асуудлын гол нь монголчуудын зарим хэсэг байгалийн баялгаас өөрсдөдөө хувь хүртээн завшихыг хичээж байгаа бол улстөрчид нь ижил тэгш хүртээж чадвал монголчуудын амьдралыг өөрчилж чадах баялгийг цөөхөн хэдэн хүн завшчихвий гэсэн олон нийтийн гүн айдас дээр тоглож байгаа юм” гэж мөн тэрээр хэлэв. Арвин их нөөцөө ашиглах ирмэгт тулж ирсэн Монголын төр болон бизнес эрхлэгчид байгалийн баялгаа ашиглаж хөгжсөн бусад орны туршлагаас суралцан, зарим үед хуулбарлахыг оролдож байгаа. Гэвч үр дүн тийм ч таатай биш байна.
“Монголын хэсэг бүлэг хүмүүс олигарх болохын тулд юу ч хийхэд бэлэн байна. Үе дамжин хэрэглэх хөрөнгө босгож аваад түүнийгээ хадгалж, хуримтлуулах зорилготой. ОХУ болон бусад оронд юу болсныг тэд харж байгаа. Олигарх болох зам нь хаагдахад ойрхон байна. Авилга газар сайгүй байна, өөр сэтгэл зовоох асуудал ч их байна” хэмээн Улаанбаатарт ажиллаж байгаа нэгэн туршлагатай хөрөнгө оруулагч өгүүлсэн юм.
Монголын уул уурхайн хамгийн том 10 орд нийлээд энэ орны 2.7 сая иргэн бүрийг саятан болгох хангалттай нөөцтэй. “Манай улсын алт, зэс, нүүрсийг худалдан аваарай, олимпийн медалиа хийгээрэй, тэгээд Монгол улс дэлхийн хамгийн баян иргэдтэй улс болно” гэж хэлж болохоор нөөцтэй.
Гэхдээ Монгол одоохондоо хөлжиж чадаагүй байна.Өнгөрсөн 2011 оны ДНБ-ий гуравны хоёр нь гадаадын шууд хөрөнгө оруулалтаас улбаатай. Байгалийн баялгийн олборлолтыг үндэсний эрх ашигтай холбох нь нь ухаалаг юм шиг санагдаж болох ч одоохондоо ингэх нь ухаалаг алхам биш юм.
“The London Times” сонины 2012 оны наймдугаар сарын 1-ний дугаарт Leo Lewis-ийн бичсэнийг хөрвүүлэв