Хэрэгт холбогдох нотлох баримтуудыг дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

Хэрэгт холбогдох нотлох баримтуудыг дэлгэлээ

Долоон тэрбум төгрөгийн авлигын хэрэгт холбогдоод буй МАХН-ын дарга Н.Энхбаяр болон түүний хэрэгт хамсаатан болсон Ж.Мягмаржаргал, До.Чулуунбаатар, Д.Дуламсүрэн нарыг шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Дугаар шилжих мөчид шүүх хурал өндөрлөөгүй байв. Эхний өдөр хурал арав гаруй цаг үргэлжилсэн бөгөөд хурлаар улсын яллагч яллах тогтоолыг танилцуулж, шүүгдэгчид мэдүүлэг өгч, зарим хохирогчдоос хариулт авсан юм. Энэ талаар өмнөх № 148 /1960/ дугаартаа дэлгэрэнгүй мэдээлсэн учраас хоёр дахь өдрийн хуралдааныг тоймлон хүргэж байна.   

Сүхбаатар дүүргийн шүүх. 2012,08,01-ны 09,45 цаг.

Хурал эхлэв. Гэрчүүд мэдүүлэг өгөх тул хэвлэл мэдээллийн хэрэслүүдийг бичлэг хийх, шууд цацах эрхийг түр хаасан юм. Хурлын эхэнд “Улаанбаатар таймс” сонины хувьчлалтай холбоотой асуудлаар талууд хоёр цаг гаруй мэтгэлцсэн. Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл,

-“Улаанбаатар таймс” сонины байрыг газрын хамт 2.1 тэрбум төгрөгөөр үнэлсэн нь хууль бус үйлдэл. Энэ байранд ямар ч газрын гэрчилгээ байхгүй. Тиймээс газрыг нь хэт өндөр үнээр үнэлсэн нь буруу юм. Ямар хууль тогтоомжийг үндэслэн энэ тоог гаргаж ирснийг мэдмээр байна гэж эсэргүүцжээ. Үүний хариуд шинжээчдийн багийн ахлагч,

-Бид хууль тогтоомжид заасны дагуу үнэлээгүй. Цаасан дээр буусан дүрэм, журам ч байдаггүй. Олон жилийн практик туршлага, мөн ойролцоох барилгын газрын ханшийг судлан энэ объектийг үнэлсэн.Энэ объектийн ойролцоо байрлах “Central tower”-ийн газрыг нэг сая ам.доллараар үнэлсэн байдаг. Энэ байрыг өндөр үнэллээ гээд бидэнд ямар ч ашиггүй. Учир нь бид үнэлгээний нийт үнийн дүнгээс хувь авдаггүй гэсэн тайлбар өгчээ. Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл хуралдаанд хэргийн голлох гэрчүүд болох Ц.Мөнх-Оргил, Д.Сугар, М.Бадамжунай, Х.Наранхүү,  Ш.Алимаа, Ш.Батбаяр, Г.Нинжин, Б.Баатар, Ц.Батбаяр, Н.Болормаа, Ш.Раднаасэд, Д.Чойжамц, Ц.Баатарсайхан, Биндэръяа, Б.Эрдэнэбилэг, Н.Баасанжавнарыг шүүх хуралд заавал оролцуулахыг шаардаж, албан бичиг хүргүүлсэн. Гэсэн ч шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хүлээн аваагүй юм. Харин өчигдрийн хуралдаанд “ТV9” телевизийн тоног төхөөрөмжийг Гандантэгчинлэн хийдэд өгөлгүй завшсан гэх хэрэгт Ц.Мөнх-Оргил, Б.Баатар, н.Энхболд нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

Ц.Мөнх-Оргил: “ТВ-9 телевизийг Н.Энхбаяр, Д.Чойжамцхамба нарт өгч байгаа гэж ойлгосон. Тоног төхөөрөмж гардуулж өгөх тэр үед би албаны шугамаар гадаадад амьдарч байсан тул өөр хэлэх тайлбар байхгүй” хэмээн мэдүүлэв. Харин Гандантэгчинлэн хийдийн Гадаад харилцаа, олон нийттэй харилцах албаны дарга Б.Баатар “Надад тодорхой баримттай ярих зүйл байхгүй. Хэнд нь өгсөнийг сайн мэдэхгүй. Хүн хүний ам дамжсан яриаг л сонсч байсан” гэлээ.

…Шүүх хурал “Өргөө” зочид буудлын хувьчлалын асуудлаар Улсын яллагч О.Мөнхбаатар энэ хэрэгт цуглуулсан баримтаа уншиж танилцуулснаар үргэлжлэв. Тэрээр “2007 оны аравдугаар сарын 15-ны өдөр нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр, НИТХ-ын дарга Н.Болормаад хандан нийслэлийн өмчит “Өргөө” зочид буудалд хувьчилж, хамтарсан компани байгуулах тухай албан бичиг хүргүүлсэн байна. Албан бичигт “Өргөө зочид буудлыг татан буулгаж, нийслэлийн 25 хувийн оролцоотой “Дун өргөө”  гэх компанийг шинээр зохион байгуулах тухай асуудлыг өргөн барьж байна” гэсэн байдаг. /сур: “Өргөө” зочид буудлыг анх хувьлах тухай санал гаргахдаа нийслэлийн оролцоо 49 хувь, 51 хувь нь аж ахуйн нэгжийн оролцоотойгоор хувьчлах санал гаргасан аж/ Тэгэхээр өмнө нь өргөн барьж байсан 49:51 гэсэн харьцаагаа 75:25 болгоод, мөн сонгон шалгаруулалт явуулалгүйгээр “Дун өргөө” гэсэн компанийг үүсгэн байгуулах саналыг өргөн барьжээ.

2007.10.07-ны НИТХ хуралдааны тэмдэглэл…

Хэлэлцсэн асуудал:

 Нийслэлийн өмчит “Өргөө” зочид буудлыг татан буулгаж, хамтарсан компани байгуулах тухай.

 Асуудал оруулсан:

 Нийслэлийн Өмчийн харилцааны дарга Д.Дуламсүрэн.

 Хурлаар:

 “Өргөө” зочид буудал нь 2006 оны жилийн эцсийн тайлангаар 232.5 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй ба эргэлтийн бус хөрөнгө нь 167.5 сая төгрөгийг эзлэдэг юм байна. Тус зочид буудал нь Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, Хан-Уул дүүргийн 11 хороонд байрладаг хоёр үндсэн обьекттой. “Өргөө” зочид буудал нь сүүлийн жилүүдэд 90 орчим сая төгрөгийн ашигтай ажилласан боловч өртөг өндөртэй тул жил дараалан алдагдалд орж байжээ. Тиймээс буудлын үйл ажиллагаанд Засаг даргын удирдамжийн дагуу шалгалт хийсэн. Шалгалтын хариуд “Өргөө” зочид буудлын үйл ажиллагаанд шинэ менежмент хийх, удирдлагын үйл ажиллагааг сайжруулах, хөрөнгө оруулалт хийх шаардлагтай гэсэн дүгнэлт гарсан. Иймд “Өргөө” зочид буудлыг татан буулгаж нийслэлийн өмчийн 25 хувийн оролцоотой “Дун өргөө” хувьцаат компанийг шинээр байгуулах асуудлыг танилцуулсан байна гэдгийг танилцуулсан байна.

Хуралдаанд оролцогч, НИТХ-ын төлөөлөгч асан Ш.Алтангэрэл:

–“Хар дун” гэгч компани нь аль улсын компани вэ. Ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

Нийслэлийн Өмчийн харилцааны дарга Д.Дуламсүрэн:

-Аялал зуучлал, зочид буудлын чиглэлээр ажилладаг компани гэсэн. Гэрчилгээнд Монголын компани гэж бичсэн байсан. Гэвч БНСУ хөрөнгө оруулах юм.

Д.Аюушжав:

-Хөрөнгийн үнэлгээ хийсэн нь сайшаалтай. Үнэлгээгээ танилцуулах уу?

Д.Дуламсүрэн:

-Зардлагын хандлагаар үнэлэхэд 445 сая 800 мянган төгрөг, орлогын хандлагаар 420 сая төгрөг, зах зээлийн хандлагаар 468 сая төгрөг босно.

С.Отгонбат:

 -Нээлттэй тендер яагаад зарлаагүй юм бэ?

Д.Дуламсүрэн:

 -“Хар дун” зочид буудал нь “Өргөө” зочид буудалд 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Судлаж үзээд энэ компанийг сонгосон юм. 

С.Баянмөнх:

-Зочид буудал алдагдалтай ажиллаж байснаас ингэсэн байх .Захиралтай хариуцлага тооцох ёстой гэсэн байна.

Ш.Алтангэрэл:

-Улаанбаатар хот заавал зочид буудалтай байх шаардлага байна уу. Дэлхийн томоохон хотууд өөрийн харъяандаа зочид буудал байлгадаггүй. Зүгээр зах зээлийн үнээр нь зарж болохгүй гэж үү.  Эсвэл хувь хүртээд суух сонирхол та бүхэнд байна уу?

НИТХ-ын дарга Н.Болормаа:

-Бид гадаадын зочид төлөөлөгчидийг маш өндөр үнээр авдаг. Өөрийн мэдлийн зочид буудалтай байх нь ашигтай гэж үзэж байгаа.

С.Отгонбат:

-“Хар дун” ХК гэдэг нь ямар компани вэ гэдгийг би мэдэхгүй юм. Яагаад заавал Солонгосын компани байх ёстой юм. Нээлттэй тендер зарлаж болдоггүй юм уу. 25 хувь гэдэг үнэлгээг шууд заан оруулж ирж байгаа нь ойлгомжгүй байна.

Д.Аюушжав:

-Цэгцлэх юм байгаа бол зааж өгөөрэй. “Өргөө” зочид буудлыг хувийн хэвшилд өгөөд үзье. Хот хөрөнгөө 450 сая төгрөгөөр үнэлсэн нь хангалттай.

Ш.Алтангэрэл:

-Хот өөрөө зочид буудалтай байгааг би хүлээн зөвшөөрдөггүй. Би бол буруу гэж үздэг. “Хар дун” гэгч компанид оноон өгч байгаа нь сэжиг төрүүлж байна. Эрхэлж байсан хүмүүс нь үнэгүйдүүлж цаагуураа авах гэсэн санаа байж болох юм. Бид урьд хамтарсан компанид оруулах нийслэлийн хувийг ийм доогуур тогтоож байгаагүй.

С.Отгонбат: Үүний өмнө нийслэлийн өмчийн оролцоог 30 хувь гэж оруулж байсан. Харин одоо 25 хувь болсон байна. Бүр “Хар дун” гэгч нэрийг заагаад ороод ирж байна. Энэ эргэлзээ төрүүлж байна. Яагаад нээлттэй тендер зарлаж болдоггүй юм. Алдагдалтай хоёр аж ахуй нэгж байвал нэгийг нь зарчих. Орж ирсэн мөнгөөр нь нөгөөд нь хөрөнгө оруулалт хийж болно. Нийслэлийн өмч хувьчлалын газрын дарга Д.Дуламсүрэнг муу ажиллаж байна гэж үзэхээс өөр арга алга. 

Ш.Алтангэрэл: -Та нар бодоод үзээрэй. Зайсанд байгаа энэ газар чинь маш өндөр үнэтэй газар. 450 сая төгрөгийг амархан олж болно… гэж хурлын протоколд тэмдэглэсэн байгаа талаар улсын яллагч нотлох баримт болгон хавтаст хэргээс танилцуулав. Тэрээр “Үүгээр юуг хэлэхийг хүсч байна гэвэл сонгон шалгаруулалт явуулаагүй нь тодорхой болж байна” гэсэн юм. “Хар дун” ХК-ийн захирал нь Б.Хуяг гэгч. Тэрбээр Н.Энхбаярын шадар туслах  Б.Тулгын төрсөн ах нь юм. “Өргөө” зочид буудлын 75 хувийг эзэмшсэний дараа 2007 оны аравдугаар сарын 5-нд ” Ремиф ” компанийн захирал Энхбаярын хүү Батшугар тушаал гаргаж ” Ремиф”-ийг охин компани болгох шийдвэр гаргаж захирлаар нь Б.Хуягийг томилжээ. Энэ мэт хэргийн тайлбар болгож Н.Энхбаяр өгсөн мэдүүлэгтээ “Энэ компани өөрт нь хамааралгүй” гэж мэдүүлээд байгаа юм.

20.00 цаг.

Энэ мэтээр шүүх хурал үргэлжилж дугаар шилжих мөчид шүүх хурал дуусаагүй. Энэ үеэр улсын яллагч болон Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл нар өөр, өөрсдийн нотлох баримтыг үргэлжлүүлэн танилцуулж байна. Энэ талаарх мэдээллийг www.news.mn сайтаас болон дараагийн дугаараас уншина уу.
 

Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж