-УИХ-ын хэсэг гишүүн, тэр дотор та УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Ямар утга агуулгатай өөрчлөлтийг хуульд оруулахаар болсон бэ?
-Иргэд, сонгогчдоос тавьсан өргөдөл гомдол УИХ-ын гишүүдэд тулгардаг нэг гол асуудал болдог. Хараад байхад энэ асуудал шийдэгдэхгүй байх талтай. Гишүүд авсан өргөдөл, гомдлоо шийдүүлэхээр Засгийн газарт ч юм уу, холбогдох яам, салбаруудад шилжүүлдэг. Гэтэл тэнд шилжиж очоод л таг чиг болчихдог. Шийдэгдэх нь ч мэдэгдэхгүй, шийдэгдэхгүй нь ч мэдэгдэхгүй болдгоос төлөөллийн байгууллага нэг үүргээ биелүүлэхэд хүндрэл үүсдэг. Тэгэхээр УИХ-ыг байгуулдаг сонгогчдын хүсэлт, өргөдлийг шийдэх үүрэг бүхий иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх байнгын хороог байгуулах хэрэгтэй байгаа юм. Иргэдийн төлөөллийн байгууллагаараа дамжуулж өгсөн өргөдөл, хүсэлт шийдэгдэж байна уу, үгүй юү гэдэгт энэ байнгын хороо хяналт тавиад явна. Сонгогчдын санал шийдэгддэг болно. Тийм л ач холбогдолтой хуулийн төсөл юм.
-Гишүүд тангаргаа өргөснөөс хойш бараг бүтэн сарын хугацаа өнгөрөх гэж байна. Долдугаар сар дууслаа. УИХ гацаанаас гардаггүй. Ямар нэг намын харьяалалгүй бие даагч гишүүний хувьд үүнийг ажиглахад юу бодогдож байгаа вэ?
-Хэд хэдэн удаагийн сонгуулийг 2004 оноос хойш ажиглаж байхад улс төрийн намууд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч ард түмний саналыг хүндэтгэх тал дээр соёл тааруу юм уу даа гэж харагддаг. УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа хоёр сар гацсан. Одоо сонгуулиас хойш нэг сар өнгөрөөд хоёр дахь сар руугаа орж байна. Энэ гацааны эцсийн үр дүн юу юм гэхээр албан тушаал хуваалцах гэсэн л дүр төрх харагддаг. Өнгөрсөн сонгуулийн дараа тэгж тэгсээр хамтарсан. Одоо яах гээд байгаа юм. Хоёр том нам ямар асуудал тавих гээд байгаа юм. Ингэж байгаад цаашдаа чөлөөт ардчилсан сонгуулиа хийж чадахгүй болох юм бол УИХ-ын сонгууль хийх, парламентын засаглал байхын ач холбогдол байхгүй болно.
Тийм нөхцөл байдал үүсгэж төр, засгийн, улс орны ажлыг удаан хугацаагаар гацаах юм бол УИХ тарахаас өөр аргагүй. УИХ-ыг тараагаад төрийн ямар тогтолцоогоор цаашдаа Монгол Улс явах юм, тэр сонгодог хэлбэр рүүгээ орох ёстой. Тэрнээс биш ингэж гацаж удахыг цаг үе хүлээхгүй. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал хурдтай шийдвэрийг шаарддаг боллоо. Уул уурхайгаас орж ирж байгаа ашиг, эдийн засгийн өсөлтийг төр, засгийн хурд гүйцэхээ больж байна. Эдийн засагт үүссэн асуудлуудаа араас нь хөөж шийддэг болоод байна. Энэ буруу.
Нөгөө талаас дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдал хүндрэлтэй байна. Хятадын эдийн засагт сүүлийн арав гаруй жил байгаагүй тийм үзэгдэл гарлаа. Эдийн засгийн өсөлтийн хурд нь саарч байна. Энэ Монголд нөлөөлнө. Эдийн засгийн ийм хүнд гадаад орчин бүрдээд байхад бид энд ингэж алгуурлаад, төрөө зогсоож аваад сууж байж таарахгүй. Нэг өдрийн өмнө ч болтугай асуудлаа цэгцлээд ард иргэдинйхээ амьжиргааг дээшлүүлэхийн төлөө явах ёстой. Ялангуяа эдийн засагт тулгарч байгаа асуудлыг шийдэхийн тулд өдөр байтугай цаг алдалгүй ажиллах ёстой.
-МАН-ын зүгээс өмнөх Засгийн газруудыг ес, аравдугаар сард байгуулж л байсан гэж хэлж байна. Гэтэл өнөөдрийн дэлхийн хөгжлийн хурд тэр үеийнхтэй зүйрлэшгүй биз дээ?
-Тэр тийм. Өмнөх 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа тэгж удааснаас болсон уу, эсвэл МАХН /МАН/-ыг олонхи болгоод ажлаа хий гэж байхад “Манайх дангаараа чадахгүй. Заавал хамтарна” гэсэн үү, хамтарсан Засгийн газар байгуулсан. Үүнийг сая сонгогчид шийтгэлээ. Өнөөдөр ч гэсэн төрийн ажлыг саатуулаад ард түмний асуудлыг шийдэхгүй удаагаад байх юм бол удахгүй болох орон нутгийн сонгуулиас эхлээд ард түмэн шийтгэлээ тавиад л эхэлнэ шүү дээ.
Улс төрийн намуудын оршин тогтнох гол хүчин зүйл бол ард түмний итгэл. Ард түмэн итгэхгүй л бол нам оршин тогтноход хэцүү. Үүнийг бодолцож, сонгуулийн өмнө хийх зүйлээ цаг алдалгүй хийж хэрэгжүүлье гэсэн хандлагаар төрийн гацааг зогсоох ёстой.
-Нэгэнт УИХ-д олонх бүрдсэн. Олонх хуралдаж болох байтал УИХ-ын даргатай болсноос хойш чуулган бүтэн долоо хоног гацлаа. Гацаанаас гарах хамгийн хялбар арга таны бодлоор юу вэ?
-Төрийн тогтвортой байдлыг зөвшилцлөөр хангах ёстой. Тэгэхгүй бол цаашдаа улам гацаа үүсээд л парламентын үйл ажиллагаа доголдоод байх юм бол эдийн засаг ч гэлтгүй олон чиглэлээр улс орны амьдрал хүндэрнэ. Ард иргэдийн амьдрал, бусад салбарт тулгамдаж байгаа асуудал, өвөлжилт, Улаанбаатарын утаа гээд л цаашаа явчихна. Ийм нөхцөл байдал үүсгэхгүй байх тийм ёс суртахууны төлөвшил улстөрчдөд байх ёстой. Улс төрийн нам нь болохгүй байгаа бол УИХ-ын гишүүд өөрсдөө иргэн хүнийхээ хувьд, ард түмний төлөөллийнхөө хувьд чуулгандаа орж ирээд суу л даа.
Ер нь УИХ-д намаас сонгогдсон нь 28 гишүүн шүү дээ. Бусад нь ард түмний, сонгогчдын төлөөлөл. Тиймээс ард түмний төлөөлөл болсон бусад гишүүд чуулгандаа суугаад “Иргэд төлөөллөөрөө дамжуулж төрийн үйл ажиллагааг явуулна” гэсэн Үндсэн хуулийн агуулгыг хэрэгжүүлэх ёстой. Жагсаалтаар орж ирсэн 28 гишүүн намынхаа бодлогыг дагадаг л юм байгаа биз. Бусад нь төрийг гацаахгүй байх алхмуудыг хийх ёстой.
Гацааг зогсоох арга механизм юу юм бэ гэвэл улс төрийн намууд ялагдлаа хүлээж тахимаа өгч сурах ёстой. “Хувь заяатайгаа эвлэрч амьдар” гэж ард түмэн сонгуулиар дүнгээ тавьчихлаа шүү дээ. Түүнийг дагаад явах ёстой. Дагахгүй, тахимаа өгөхгүй, өнгөрсөн шигээ унжиганаад байвал сонгогчид дахиад л шийтгэнэ гэж бодох хэрэгтэй. Намууд ирээдүйгээ бодох ёстой.
-Бие даагч гишүүдийн зөвлөл ямар ажил хийж байгаа билээ?
-Анхаарч байгаа гол асуудал бол бид өөрсдийн мөрийн хөтөлбөртэй. Түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө эвсч байгаа намуудтай тодорхой хэмжээнд санал солилцоод явж байна. Бидний мөрийн хөтөлбөрөөс гол гол агуулгыг хөтөлбөртөө оруулбал Засгийн газрыг дэмжээд хамтраад явна. Үгүй гэж байгаа бол ард түмний сонгосон бидний мөрийн хөтөлбөр хэрэгжихгүй гэсэн үг. Мөрийн хөтөлбөрөө яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт бие даагч гишүүд голлож анхаарч байгаа. Бас гацаанаас гарах чиглэл дээр тодорхой байр сууриа илэрхийлнэ гэсэн бодолтой байгаа.
Сонгууль болгон дээр байнга үүсдэг нэг асуудал бий. Үүнд анхаарна. Энэ бол төрийн эрх мэдлийг хууль бусаар мөнгөөр худалдаж авдаг явдал. Үүн дээр бид хатуу байр суурьтай байя гэж бодож байгаа. Хууль, шүүхийн байгууллага ч илт ийм юмыг нуун дарагдуулдаг. Цааш цаашдын орон нутгийн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг мөнгөөр биш, ард түмэн цэвэр үзэл бодлоороо явуулдаг байх хэрэгтэй. Хэрэв мөнгөөр бярдаж гарч ирдэг УИХ-тай болчих юм бол утгаа алдаад эхэлнэ. Хэрэв тэгвэл “УИХ-ын гишүүн төчнөөн тэрбум төгрөгийн хөрөнгөтэй хүн байх ёстой” гээд зарладаг бол л доо. Иймэрхүү зүйлүүд дээр бие даагчид анхаарч ажиллана.
-Шинэ Засгийн газар байгуулах гэсээр байтал бүх яам, тамгын газрууд ажлаа алгуурлаж хүлээлтийн байдалд орчихлоо. Яаралтай засаг бүрдүүлэхийн тулд яах ёстой вэ?
-Яг тийм. Шат шатандаа хүлээлт бий болчихоод байна. Зарим нь амраад яваад өгсөн. Зарим нь хэн гэдэг дарга ирэх юм билээ. Би ч яах юм билээ гээд суучихсан. Тэгээд хоорондын яриа нь “Тэр сайд болох юм гэнэ лээ. Энэ дарга болох юм гэнэ лээ” гэсэн л сэдэвтэй. Тэр нь жилийн дөрвөн улиралтай, хатуу өвөлтэй манай хувьд хүндхэн байдал руугаа л орж байна гэсэн үг. Газар тариалан, өвөлжилтийн ажил ч юу болж байгаа билээ. Энэ зун бороо хур ихтэй байгаа юм чинь өвөл зуд турхан тохиож болно шүү дээ. Тиймээс энэ сайхан зуншлагатай, ногоотой байгаа дээр хадлан тэжээлээ бэлтгэх чиглэл дээр анхаараад, тариа ургацаа хураагаад авах хэрэгтэй. Улстөрчид зөвхөн өөрсдийгөө бодож улс төр хийдгээ болих хэрэгтэй байгаа юм.
-Нийслэлийн утаа, нөөцийн махны бэлтгэл гээд ажлууд бас байгаа. Ирэх хавар дахиад л махны үнэ өсч инфляц дээшээ явж мэднэ гэдгийг улстөрчид эрх биш боддог байх даа?
-Яагаад ийм хүндрэлүүд гараад байна гэхээр эдгээрийг үүссэн хойно араас нь хөөж ажилладаг болчихсон. Уг нь урьдчилж бодоод, төр бодлогоо гаргаад төлөвлөөд ажилладаг байх ёстой. Тийм институт нь төрд байхгүй. Үүнийг бий болгох ёстой.
Хуучны төр яагаад хүчтэй байсан бэ гэвэл ажлаа таван жилээр бодож төлөвлөж хийдэг байсан. Бодож төлөвлөсөн ажлыг хүн дундуур нь орж хулгай хийж чаддаггүй. Өнөөдөр тиймгүйгээс эмх замбараагүй юмны дундуур орж луйвар хийхэд амар болсон. Хэрэв төр Хөвсгөлийн фосфоритын ордыг 20 жилийн дараа ашиглана гэсэн бол дундуур нь хүн очиж ухаж төнхөхгүй. Тиймээс адаглаад уул уурхайн салбартаа төлөвлөлт хийх саналыг би Ерөнхий сайдад өнгөрсөн дөрөвдүгээр сард тавьж байсан. Монгол төрийн бодлогыг яамны төвшнөөс доошгүй хийвэл ядаж Эрдэнэт шиг хот босдог болно. Тиймгүйгээс сэндвичэн байшинтай Оюутолгой бариад гаднынханд луйвардуулаад сууж байх үүд нээгдэж байна. Өнөөдөр Монголд сайн ажиллах хүч байна. Мөнгө байна. Ганцхан авч явах төр дутагдаад байна. Сайн төртэй бол монголчууд хэнээс ч дутахгүй амьдраад явах чадвартай. Харамсалтай нь ард түмнээ ядуу байлгаж байгаад 100-200 мянган төгрөгөөр саналыг нь худалдаж авах харуусмаар байдлаар амьдарч байна.
-Яамдын тоог нэмнэ гэж байгаа. Тэр тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Тоо нэмэх гол нь биш. Яамдын хүчин чадлыг нэмэх нь зөв гэж үзэж байгаа. Хуучин бол улс төржөөд, гоё харагдах гээд “Цомхон бай. Цөөл” гэсээр байгаад яамдаа чадавхигүй болгочихсон. Би яаманд 20-иод жил ажилласан хүний хувьд мэдэж байна. Дөрөв тавхан, арваадхан хүнтэй бүтцээр яаж улсын хэмжээний бодлого авч явах юм бэ. Өнөөдөр яамд зүгээр л өдөр тутмын ажилтай ноцолдсон, гүйцэтгэх ажил хийдэг болчихсон.
Уг нь яамд бодлого гаргаж байх ёстой. Төлөвлөдөг, судалдаг байх ёстой. Шийдэл гаргадаг байх ёстой. Тэр функцээ хийж чадахгүй болгочихсон. Тэрний оронд яамдыг өнөөдөр 17 дахин өссөн эдийн засгийн өсөлтийн ачааг даах чадвартай байлгах хэрэгтэй. Тэгэхийн тулд хүн хүч хангалттай байх ёстой. Гадаад орнуудын Сангийн яамдад л гэхэд 200-гаас доош ажилтантай яам байхгүй. Гэтэл манайх 100 хүнтэй. Тэгэхээр л бодлогогүй, чадавхгүй төр бий болоод байгаагийн гол үндэс нь энэ. Үүнээс одоо татгалзах хэрэгтэй. Орон тоогоо хэтрүүлж нэмээд явах биш ачаагаа даагаад явах бүтэцтэй байя л гэж байгаа юм.
-Тухайлбал, ямар яамд нэн тэргүүнд хэрэгтэй бол?
-Эдийн засаг, төлөвлөлтийн яам нэн түрүүнд хэрэгтэй. Тэр яам доод тал нь 200 хүнтэй байх ёстой. Салбар салбараар, дунд хугацаанд, таван жилээр төлөвлөх ёстой. Түүнийг биелүүлэхийн тулд ямар хөтөлбөртэй байх вэ гэдгээр л намууд өрсөлдөхөөс биш намын мөрийн хөтөлбөр гэдэг чинь ажил төлөвлөөд явж байдаг зүйл биш. Төрийн гаргасан бодлогыг хэрэгжүүлэх арга замаараа л уралдах ёстой. Биднийг цааш авч явах салбар бол боловсрол. Гэтэл БСШУЯ-ны Дунд боловсролын газар тавхан хүнтэй. Тэд өдөр тутмын ажлаа нухаад хүүхдүүдийн ирээдүйн хөгжил, сургалтын агуулга, стандарт, судалгаа, шинжилгээ бүгд орхигдож байна. Ийм байдлаас болж боловсролын салбар унасан. Эрүүл мэндийн салбар ямар байна. Аж үйлдвэрийн салбар унасан. Юманд судалгаагүй, шинжлэх ухааны үндэслэлгүй ханддаг болсноос ийм болсон. Үүнийг зассахгүй бол угаасаа сульдаатай төртэй л байгаад байна гэсэн үг.
-Бие даагч гурван гишүүнийг яваандаа аль нэг намыг дагаж магадгүй. Жишээлбэл, таныг МАН-д эргэж орж магадгүй гэсэн яриа гараад байгаа?
-Надад, тухайлбал ямар нэг нам хайгаад байгаа юм алга. Би бие даана гээд мөрийн хөтөлбөрөө гаргаад сонгогдсон. Хөтөлбөрөө хэрэгжүүлэх чиглэлээ л бодож байна. МАН-ыг би шинэчлэгдэх байх гэж бодож харж байсан ч харамсалтай нь сая бага хурлаараа зүгээр л өөрчлөлт хийчихлээ. Удирдлага дотроо л өөрчлөлт хийчихлээ шүү дээ. Орон нутгийн сонгуулиар дүнгээ тавиулах байх гэж харж байна. Хэрэв шинэчлэгдээд явна гэх юм бол дэмжээд ажилламаар байна. Шинэчлэгдэж чадахгүй байх юм бол цаашдаа маш хүнд нөхцөл байдал руу явна. Үүнд харамсч байна.
-Засгийн газрын бүрэлдэхүүнд бие даагч гишүүдээс оруулах байх гэж харж байсан ч орсонгүй. Яагаад тэр вэ?
-Бид бол мөрийн хөтөлбөрийнхөө гол зүйлүүдийг Засгийн газрын хөтөлбөрт оруулъя гэсэн л бодолтой. Оруулбал бид хамтраад дэмжээд явна. Тэрнээс биш заавал сайд болно гээд албан тушаалын төлөө хөөцөлдөөд явах юм алга.
-Шинэ Засгийн газар юунаас ажлаа эхэлбэл зөв бол?
-Эхлээд засаглалын их зөв бүтэц гаргах хэрэгтэй. Сайн засаглалтай, дунд хугацаандаа боддог, төлөвлөдөг, ажилд хяналт тавьж хариуцлага тооцож чаддаг тийм бүтэц хийж чадвал Монголын төр зөв явж чадна. УИХ-ын гишүүн сайд болоод суучихаараа л хяналт, хариуцлагын тогтолцоо байхгүй болчихоод байгаа. Энэ мэтийг засч яваасай. Төр зөв төлөвшөөд эхлэх юм бол улс зөв явна. Хүн ам байна, хөгжих мөнгө байна. Авч явах төр л болохгүй байна. Үүнийг шийдэх нь эхний хийх ажил юм гэж би бодож байна. Тэгвэл дараагийн ажлаа чадавхитай төр өөрөө хийгээд явна. Эдийн засгийн хөгжлийн хойноос нь хөөх биш урд нь гарч яваач ээ л гэж хэлэх байна.
-Олонх нь цөөнхийн сэтгэлгээгээр зөвшихгүй гээд гэдийчихсэн. Цөөнх нь яаж ийгээд олон болчих санаатай “Өвөрхангайн хоёрыг оруулаад ир” ч гэдэг юм уу. Ийм байдал харагдаад байх шиг. Та юу гэж бодож байна?
-Үүний цаана МАН-аас АН-тай эвсчих юмсан гэсэн хүсэлдээ хөтлөгдөөд байгаа юм болов уу даа гэж харагдаад байна. МАНАН-гаа дахих юмсан даа л гээд. Янз бүрээр чангааж, гацааж аваад тухайлбал, 2008 онд хамрахаас аргагүй гээд хамтарч байсан. Түүн шиг бодлоор хандаад гацаагаад байна уу л гэж харагдаад байна.
-МАН, АН эргээд эвсвэл ямар аюул байгаа гэж?
-Ард түмэн хүлээж авахгүй шүү дээ.
-АН дотор ч, “Шударга ёс” эвсэлд ч дотроо зөрчил байгаа бололтой. Энэ бас нөлөөлж байгаа юу?
-Олон урьгалч үзэл нам дотор төлөвшихийг би муу гэж үздэггүй. Олон талаасаа ярьснаар шийдэл зөв болж ирнэ. МАН-ын алдаа юу байсан бэ гэхээр зүгээр л ганц хоёр хүн бусаддаа тулгалт хийгээд, санал нийлэхгүй хүнээ хөөнө гээд явчихдаг нь алдаа болдог. Олуулаа тал талаас нь шүүж фракцалж ярих чинь буруу юм биш. Ардчилсан нийгэмд төлөвших улс төрийн соёл гэж байх ёстой. Түүнийг би буруутгаж хардаггүй. Тэд бол ярьж ярьж байгаад, нэг шийдвэр дээрээ нэгдээд ажлаа аваад явчихдаг. Тэр бол зөв. АН-ынхан 1996-2000 оноо давтахгүй хатуу сургамж авсан гэж боддог. Амьдрал тэднийг шийтгэж өгсөн.
МАН-ыг шийтгээгүй байсан учраас “Олонх бол” гэж өгсөн ард түмний итгэлийг 2008-2012 онд худалдчихсан. Тийм учраас ард түмэн сая шийтгэлээ.
-Олонхио дангаараа бүрдүүлээд явж чадаагүй гэж шийтгэсэн гэж үү?
-Тэгсэн шүү дээ. “Хямрал тулгарвал ганцаараа явж чадахгүй. АН-тай л хамтарна” гээд арчаагүй царайлахаар чинь сонгогчид яах юм.
-Долдугаар сарын 1-нийг халхлах гэсэн бас нэг шалтгаан байсан уу?
-Байж болно. Нөгөө талаасаа арчаагүй зан байхгүй юү. Тэгэхээр ард түмэн МАН-ыг олонх болоод нэмэргүй юм байна лээ л гэж бодно шүү дээ. Ганцаараа ачаа үүрч чадахгүй гэдгээ өмнөх УИХ-ын үед хэлчихсэн байхгүй юү. Тийм болохоор сая ард түмэн шийтгэлээ амсуулсан. Одоо олон суудал аваад байгаа АН ч үүнийг бодох л хэрэгтэй.
Ард түмэн харин ч дутуу шийтгэсэн. Намууд 1,5 сая төгрөг иргэн бүртээ өгнө гэчихээд дутуу өгсний төлөө үүнээс ч хатуу шийтгэж болох байсан. Түүнийгээ иргэд мартсан. Тэгэхээр энэ улстөрчид тоглоод байхгүй юү. “Өгсөн амлалтыг сонгогчид мартчихдаг юм. Мөнгө өгчихөж болдог юм” гээд байна шүү дээ. Энэ байдлыг төрөөс цэвэрлэхгүй бол Монголын төр хүчирхэг болохгүй.
Зүгээр л бизнесээр хөөцөлддөг төр биш, хөгжлөөр хөөцөлддөг төр байх ёстой. Тэгвэл бизнес нь ч ашгаа олоод явна. Ард түмэн ч сайхан амьдраад явна. Ганц нэг бизнесийн бүлэглэл хоорондоо өрсөлдөх биш, хамтарч байгаад улсаа хөгжүүлье. Тэгвэл миний бизнес бас дагаад ашгаа олоод явна гэсэн сэтгэхүйгээр хандаж ажиллах ёстой юм болов уу л гэж бодож байна.