Гудамжны бизнесийг цэгцэлье

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

Гудамжны бизнесийг цэгцэлье

Гудамжны бизнес хэдийн бий болж нэлээд хүмүүсийн орлого, амьжиргааны эх үүсвэр болчихож. Олон нийтийн гудамж талбайд унадаг дугуй, дартс, жижиг хүүхдийн машин гээд энэхүү бизнесийн хэлбэрүүд үргэлжилнэ. Хэнээс ч гуйхгүй, хэнийг ч хохироохгүйгээр өөрсдийгөө болгож байгаа нь сайн хэрэг. Гэвч ийнхүү гудамжийг ажлын байр болгосон хүмүүст зориулсан хууль журам үгүйгээс болж орлого олсноос өгөх татвар нь улсад биш тухайн газрыг хариуцсан эргүүлийн цагдаа мэтийнхнийн халаасанд орж байна. Нэгэнт бий болсон бизнесийг хориглох боломжгүй, харин зохицуулах боломж бий. Яагаад тэдний ажиллах орчинг нь тодорхой хариуцлагатай, төлөх татвартай болгож болохгүй гэж. Тэд яагаад өөрийн бизнесээ хэн нэг цагдаагийн хувцас өмссөн дээрэмчдээс айлгүйгээр явуулж болохгүй гэж. Ингээд хууль эрх зүйн тодорхойгүй орчинд хийж буй тодорхой зарим бизнесийг сонирхлоо.

ДАРТС. Гудамжний бизнесүүд дотор сүүлийн үед хамгийн ихээр газар авсан бизнес. 12 ширхэг дартсын сумаар тодорхой зайнд хийлдэг бөмбөлөг онохыг санал болгоно. Есөөс дээш оносон бол шагналтай. Мэдээж үүний тулд 1000 төгрөг төлнө. Хүн элбэгтэй өдөрт 50 гаруй хүн энэхүү тоглоомд хүчээ үздэг гэх бөгөөд өдрийн орлого 50 мянган төгрөг. Мэдээж хүн бүр алдаад байхгүй нь ойлгомжой. Зарим хүмүүс шагналын болзлыг хангахын тул тодорхой зардал гаргана.  Шагналд өгөх зүйл нь хятадын чихмэл тоглоомнууд байх агаад чанараас илүү хямдыг нь харж сонгосон нь ажиглагдана. Ийм бизнесийнхэн голдуу бүлэг болж тодорхой газрыг эзлэн тоглоом тоглуулдаг бөгөөд эргүүлийн цагдаа нарт хааяа торгуулийн мөнгө төлөх хуваарьтай. Эргүүлийн цагдаа татвар төлөх болсныг нь сануулж сумыг нь хураах бөгөөд өнөө хэд нь мөнгөө нийлүүлж, төлөөлөгчөө явуулан сумнуудаа буцааж аваад л үргэлжлүүлэн ажиллана. Хотын гудамжны бизнесийнхнийг хуйлруулсан энэхүү тоглоом нь одоо хүн ам ихээр төвлөрсөн Төв аймаг, Дархан зэрэг хотуудад сүүлийн өдрүүдэд нэвтэрсэн.

АВТОМАТ МАШИН. Хүн бүр хүүхэддээ 250 орчим мянган төгрөгийн үнэтэй өөрөө явдаг машин авч өгч чаддаггүй. Иймд олон нийтийн талбай дээр ийм  машины түрээсийн бизнес бий болжээ. Гурваас тав хүртэлх насны хүүхдүүд энэ зах зээлийн үйлчлүүлэгчид. Гурван минут хүүхдээ зугаацуулахын тулд мянга таван зуу орчим төгрөг төлнө. Энэ машин нь эхний арав хоногтоо л өөрийнхөө зардлыг олдог гэх бөгөөд цаашлаад саалийн үнээнээс ч дутахгүй орлогыг эзэндээ авчирдаг. Үр хүүхдээсээ мөнгө харамлах хэн байна билээ.

Гэвч энэ бизнесийг эрхлэхийн тулд танил тал, хамгаалалт хэрэгтэй. Гудамжний бизнесийнхэн дунд хэр барагтай нь хийгээд байдаггүй гэдэг нь анхны хөрөнгө оруулалт их байдагтай нь ч холбоотой.

МӨСТЭЙ КОЛА. “Мөстэй ундаа аваарай” хэмээн жаалууд хашгиралдан явцгаана. Энэ бол мөстэй кола. Нэг том ундааг 1450 төгрөгөөр авна. Ингээд нэг том ундаанаас найман аяга мөстэй кола хийнэ. Соруул, тагтай улаан аяга нь 150 төгрөг. Наймаар үржүүлэхээр 1200 төгрөг. Ингээд нэг аяга мөстэй ундаа бүрийг 800 төгрөгөөр зарна гэхээр 6400 төгрөг. Зарагдсан аяга ундаа бүрээс 500 орчим төгрөгийн ашиг гарах бизнес. Гэвч энэхүү бизнес нь улирлын чанартай бөгөөд халуун дулааны улиралд л идэвхиждэг.

ЖИН. Энэхүү бизнесийг эрхлэгч нь голдуу эмээ, өвөө нар. Хорь орчим мянган төгрөгийн нэг жинтэй байхад л гүйцээ. Орлого тийм ч их биш тул залуус тоож хийдэггүй гэдэг. Иймд өвөө, эмээ нар самар, тамхи зарахдаа дагалдах орлого болгон ашиглах нь элбэг.

ГУТАЛ ТОСЛОГЧИД.
Гудамжны бизнесүүдийн анхдагч нь гэгддэг. Эхний хөрөнгө оруулалт 10 мянган төгрөг байхад энэ бизнесийг эхлүүлэх боломжтой. “Гутал 100 төгрөгөөр өнгөлнө” гэж уриалан дуудаж үйлчлүүлэгчдээ олох бөгөөд тослох зэрэгт үнэлгээ нь өснө. Ингээд мянган төгрөг хүртлээ үнэ нь өснө. “Хүнд гарууд” энэхүү бизнесийн нэр хүндийг унагасан гэдэг бөгөөд “Гутал тосолсныхоо үнээс хэд дахин их мөнгө нэхдэг” гэх ярианаас болж ийнхүү гутал тослогчдийн үйлчлүүлэгчид эрс багассан аж.

УНАДАГ ДУГУЙ. Нэг хэсэг цэцэглэсэн дугуй прокат одоо бараг үгүй болсон. Гэвч Сүхбаатарын талбайд энэ төрлийн үйлчилгээг үзүүлэгч үлджээ. Сардаа 90 мянган төгрөгийн түрээс төлдөг гэх бөгөөд үндсэндээ гудамжны бизнесийн монополь жишээ. Сүхбаатарын талбайг нэг тойрох нь 1000 төгрөг. Ингээд хорь орчим дугуй нь бүгдээрээ зэрэг биш юм аа гэхэд таслалтгүйгээр талбайг тойрцгооно. Нэгэнт Улаанбаатар хотод дугуйтайгаар тойрох өөр том талбай үгүй тул ийм бизнес эрхлэгчдэд боломж үндсэндээ байхгүй.

ЖИЖИГ САГСАН БӨМБӨГ. Таван удаа бөмбөг шидэх эрхийг таван зуугаас мянган төгрөгөөр авна. Сагсан бөмбөгийн жижигсгэсэн хэлбэр. Бөмбөг нь хөнгөхөн, цагираг нь жижигхэн тул орохгүй байх магадлал маш өндөр. Ийм сул талаа мөнгө хожих боломж өндөр байгаа байдлаар нөхөх гэж оролдож. Нэг оруулахад л мөнгөө хоёр дахин өсгөж авахаар дүрэм зохиож.  

ШИДДЭГ ЦАГИРАГ, ЛААЗ, УНДААГ ЦАГИРАГДАХ. Энэ мэтчилэнгээр гудамжний наадгай үргэлжилнэ. Таван лаазыг бөмбөгөөр шидээд унагаах. Бэлдсэн углуурганд цагираг шидэж оруулахаас эхлээд зүгээр л цагирагдаж оруулсан ундаагаа авах энгийн дүрэмтэй тоглоомууд бий.

Эдгээр гудамжны бизнест нийтлэг тал байдаг нь хэрхэн хаанаас зөвшөөрөл авах нь тодорхойгүй, олсон ашгаас улсад төлдөггүй, жижиг цагдаа, хурган дарга нарын хүсэл зоригоор ажиллах эсэх нь шийддэг зэрэг байна. Угаас улаанбаатарчуудад амралт чөлөөт цагаа өнгөрөөх олигтойхон газар байхгүй үед энэ мэт жижиг бизнесийнхэн оршсоор байх нь тодорхой. Иймд гудамжний бизнесийг цэгцлэхээс өөр аргагүй. Цэгцлэх гэдэг нь хааж боохын нэр биш, журамлаж боломж олгохыг хэлж буй хэрэг.  

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж