"Лондон-2012" зуны XXX олимпийн наадмын буудлага спортын эмэгтэйчүүдийн 25
метрийн спорт гар бууны дасгалд медальтнууд тодорлоо. Урьдчилсан буудлагад 591
оноо авснаар олимпийн дээд амжилт эвдэж, нэгдүгээр байрт бичигдсэн, БНСУ-ын тамирчин Ким Жанми шигшээ буудлагад 201.4 оноо цуглуулж, нийлбэр 792.4 оноогоор олимпийн аварга боллоо. Өдгөө 19 настай залуу тамирчин ийнхүү тив, дэлхий, олимпийн аваргуудыг ялж, Лондонгийн олимпийн аваргаар тодорчээ. Харин Бээжингийн олимпийн наадмын медалийн тавцанд Монголын тамирчин О.Гүндэгмаатай мөр зэрэгцэн зогсч байсан, Бээжингийн олимпийн аварга, БНХАУ-ын тамирчин Чен Ин шигшээд 206.4 оноо, нийлбэр 791.4 оноогоор мөнгөн медаль хүртлээ. Харин Украйны тамирчин Олена Костевич 788.6 оноогоор хүрэл медалийн болзол хангажээ.
Харин энэ дасгалд өрсөлдсөн Монгол Улсын тамирчин
О.Гүндэгмаагийн тухайд урьдчилсан буудлагад precision төрөлд 284 (93,
95, 96), rapid төрөлд 293 (99, 99, 95), нийт 577 оноо авснаар 39
тамирчнаас 27 дугаар байрт бичигдсэн амжилтаар олимпийн наадмыг
өндөрлүүлсэн байгаа. Тав дахь олимпийн наадамдаа оролцсон тэрбээр анхлан 1996
оны Атлантын олимпийн наадамд шагналт тавдугаар байрт, 2000 оны Сидней,
2004 оны Афины олимпийн наадамд зургадугаар байрт, харин 2008 оны
Бээжингийн олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж байсан билээ.