"Лондон-2012" зуны XXX олимпийн наадмын буудлага спортын төрөлд эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд өрсөлдөж буй тамирчдын эхний ээлжийн 20 тамирчин rapid төрөлд 30 сумаа буудаж дууслаа. Өнөөдөр 16.00 цагт эхэлсэн precision төрөлд 30 сум буудаж, 284 (93, 95, 96) оноо авснаар 39 тамирчнаас 32 дугаар байрт бичигдээд байсан Монгол Улсын тамирчин О.Гүндэгмаа rapid төрөлд 293 (99, 99, 95) оноо авч, урьдчилсан буудлагад нийт 577 оноо цуглууллаа. Эхний ээлжинд буудсан 20 тамирчнаас 577-гоос дээш оноотой 14 тамирчин байгаа тул О.Гүндэгмаа шигшээ наймд шалгарч чадахгүй нь нэгэнт тодорхой боллоо.
Одоо үлдсэн 19 тамирчин rapid төрөлд 30 сум тавьсны дараагаар урьдчилсан буудлагын нэгдсэн дүн гарах юм. Улмаар шилдэг найман тамирчин шигшээ буудлагад өрсөлдөх эрхтэй болно. Шигшээ буудлага Монголын цагаар 22.30 цагт эхэлнэ.