![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/3efd2ed562ac8f70/c03b0ebbdf2b1162big.jpg)
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Г.Уянга “УИХ-ын гишүүнд тойргийнхноос нь хувийн чанартай гэр, орон сууц олгохыг хүссэн маш олон хүсэлт ирдэг. Тэрхүү хүсэлтийг нь одоо шинээр байгуулах байнгын хороогоор хэлэлцэж, шийдвэрлэнэ гэсэн үг үү. Хоёрдугаарт, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Засгийн газрын гишүүн нь нэгээс илүү байнгын хороонд харьяалагдах боломжгүй. Эл асуудлыг одоо хэлэлцэж байгаа төсөлд хэрхэн тусгасан бэ” гэсэн асуулт тавьсан юм. Үүнд хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “УИХ-ын гишүүнд иргэдээс маш олон өргөдөл, гомдол, хүсэлт ирдэг. Орон байр, гэрийнх нь асуудлыг шийдвэрлье гэвэл Засгийн газрын барьцаанд орох, нөгөө талдаа хууль зөрчих болно. Уг нь иргэдээс ирсэн гомдол УИХ-д төвлөрдөг ч түүнийг нь шийдвэрлэх талд ямар ч алхам хийгдэж байгаагүй. Тиймээс 2006 оноос эхлэн яригдаад ажил хэрэг болж чадаагүй Өргөдөл, гомдлын байнгын хороог УИХ дэргэдээ байгуулах нь Монгол Улсын хувьд цоо шинэ соёл бий болгоно. Нөгөө талдаа иргэд ямар шалтгааны улмаас орон сууц, гэр олгох хүсэлтийг хамгийн ихээр ирүүлж байна вэ гэдгийг судалж, шийдвэрлэх талд хууль эрх зүйн орчинг бий болгоно. Мөн хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой бол түүнийг нь хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх зэрэг олон нааштай үр дүн авчирна” гэлээ. Харин Засгийн газрын гишүүн хэдэн байнгын хороонд харьяалагдах боломжтой тухайд төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Нэг гишүүн гурав хүртэл байнгын хороонд харьяалагдах бололцоотой хэмээн заасан. Тэр хүрээнд зохицуулагдана” гэж хариулсан юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргах тухай хууль гэж бий. Тэрхүү хуулийг бүрэн утгаар нь хэрэгжүүлж яагаад болсонгүй вэ. Ер нь УИХ-ын дэргэд Өргөдөл, гомдлын байнгын хороо байгуулагдсанаар эргээд шүүх засаглалд УИХ хөндлөнгөөс оролцох нөхцөл байдлыг бий болгох вий гэдэгт маш их болгоомжилж байна. Мөн УИХ-ын гишүүний бие төлөөлөгч гэж хүн бий, төсвөөс цалин аваад суудаг. Иргэдээс гомдол хүсэлт ирэнгүүт түүнийг нь бие төлөөлөгч багцлаад гишүүн нь бодлого шийдвэр болгож багцлаад УИХ-д оруулаад ирэх бололцоо байдаггүй юм уу” гэсэн асуултыг хуулийн төсөл санаачлагчдад хаяглав. Энэ асуултад УИХ-ын гишүүн, төсөл санаачлагч Х.Тэмүүжин “Иргэдийн зүгээс хууль, шүүхийн байгууллагатай холбоотой гомдол ирээд байвал түүнд анализ хийх ёстой, түүнээс УИХ хөндлөнгөөс оролцохгүй. Өөрөөр хэлбэл, тэрхүү байгууллагын алба хаагчдын ажлын арга барилыг өөрчлөх шаардлага байна уу, эс бөгөөс ур чадварыг нь дээшлүүлэх шаардлагатай юу гээд энэ бүх чиглэлээр судалгаа хийх ёстой. Улмаар УИХ нь холбогдох бодлого шийдвэрийг баталж гаргана гэсэн үг” гэлээ.
Ийнхүү гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариултаа авсны дараа саналаа хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд “УИХ-ын сонгуулийн дүнд бий болсон парламент нь анхны хуулиа хэлэлцэж байна. Энэхүү төсөл нь Монгол төрийг нээлттэй, Монголын ардчиллыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд урагш алхсан том ач холбогдолтой хууль тул дэмжих ёстой” хэмээн үзэв. Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Монгол Улсын Их хурал нь өнгөрсөн жилүүдэд маш олон хууль, тогтоолын төслүүдийг баталж ирсэн ч хэрэгжилтэд анхаарал тавьж чадаагүй. Харин Өргөдөл, гомдлын байнгын хороог шинээр байгуулснаар хуулийн хэрэгжилтэд УИХ нь хяналт тавих тэр бололцоог илүү бий болгоно. Өөрөөр хэлбэл, иргэд УИХ-ын гишүүдтэйгээ хамтран ажиллах бололцоог олгоно хэмээн хэлсэн юм.
Ингээд хуулийн төслийг дэмжих эсэхээр санал хураахад олонхи гишүүн дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.