
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-наас энэ оны зургадугаар сарын 1 хүртэл иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, хүчингүй болсон 132 мянган иргэнээс лавлагаа авч цахим үнэмлэхийг хэвлэж өгчээ. УИХ, Нийслэлийн ИТХ-ын сонгуультай холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зургадугаар сарын 28-ныг дуустал зогсоож, дээрх хугацаанд шилжилт хөдөлгөөн хийлгээгүй иргэдийн бүртгэлийг долдугаар сарын 2-10-ныг хүртэл хийсэн байна. Ингээд цахим үнэмлэх хэвлэх ажлыг долдугаар сарын 16-наас эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар 11 дэх аймгийн цахим үнэмлэх хэвлэх ажлыг гүйцэтгэж буй ажээ. Одоогийн байдлаар Говь-Алтай, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорноговь, Өмнөговь, Завхан, Ховд, Увс, Дорнод аймгийн иргэний цахим үнэмлэхийг хийж Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Өмнөговь, Завханд үнэмлэхийг хүргүүлжээ. Өнөөдөр Сүхбаатар аймгийн иргэдийн цахим үнэмлэхийг хэвлэж буйг УБЕГ-ын дарга Л.Амарсанаа дуулгалаа.
Иргэний үнэмлэх хэвлэх үйлдвэрийн ажилтнууд хоногт хоёр ээлж болон 24 цагаар ажиллаж, өдөрт дунджаар 20 мянга орчим иргэний үнэмлэхийг хэвлэж буй ажээ. Нэг цахим үнэмлэхний бэлдэцийн үнэ 9800 төгрөг, нийтдээ 20 орчим мянган төгрөгөөр нэг үнэмлэх үйлдвэрээс гарч байгаа бөгөөд эхний удаа иргэдэд үнэ төлбөргүй олгох юм.
Маргааш буюу наймдугаар сарын 2-ноос Төв, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн иргэдийн цахим үнэмлэхийг нэг машин дээр, нөгөө машин дээр нийслэлийн иргэдийн үнэмлэхийг хэвлэх ажээ. Хамгийн эхлээд Баянзүрх дүүргийн үнэмлэхийг хэвлэхээр болжээ. Нийслэлийн дүүргүүдээс Налайхын үнэмлэхийг аравдугаар сарын 1-нд хэвлэж дуусгаснаар Монгол Улсын иргэний цахим үнэмлэх хэвлэх ажил үндсэндээ шувтрах юм байна. Орон нутгийн сонгуулийн өмнө ийнхүү иргэний цахим үнэмлэхийн хэвлэлт дуусна гэдгийг Л.Амарсанаа дарга хэллээ.
Иргэний бүртгэл давхцах боломжтой эсэхийг тодруулсан сэтгүүлчийн асуултад Л.Амарсанаа дарга дөрвөн төрлийн санг тулгаж нягталж буй тул боломжгүй гэсэн хариулт өглөө. Иргэний 10-аад төрлийн мэдээллийн сан, шинэчилсэн бүртгэлд орсон гэрэл зургийн сан, хурууны хээний сан, регистрийн дугаар зэрэг үзүүлэлтээр иргэд, сонгогчдын бүртгэл давхцах боломжийг хянадаг юм байна.
УБЕГ-ын дарга Л.Амарсанааг сонгогчдын бүртгэлтэй холбоотойгоор АТГ, ТЕГ-аас шалгаж байгаа гэсэн мэдээллийг АТГ-аас даваа гаригт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд өгсөн талаар асуусан сэтгүүлчийн асуултад Л.Амарсанаа дарга хариулахдаа “Долдугаар сарын 6-нд АТГ-аас хүн ирж уулзсан. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг өгөөч гэсэн. Мэдээллийг өгсөн. Дахиж хүн уулзаагүй. Иргэн Л.Амарсанааг УБЕГ-ын дарга болсноос хойш улс төржсөн асуудал их гарч байгаа. УБЕГ-ын даргын хувьд надад буруу зүйл хийх ёс зүй байхгүй” гэлээ.
Эрүүгийн хэрэг үүсгэж хавтаст хэрэг нээсэн эсэх, эсвэл зүгээр л тайлбар өгсөн үү гэсэн асуултад тэрбээр “Сонгогчдын нэрсийн жагсаалтын мэдээллийг хүссэний дагуу бүх мэдээллийг өгсөн. ТЕГ дуудаж уулзаад буруу зөрүү зүйл алга гэсэн. Хоёр гурван тойрог дээр асуудал гарсан байж магадгүй гэж дуудсан юм билээ” гэлээ.
Цахим үнэмлэх хэвлэх эрх авсан Бодь компаниас иргэний үнэмлэхийн нийт нэг сая 989 мянган бэлдэц гэрээний дагуу авах ёстой. Долдугаар сарын 14 гэхэд 88700 бэлдэц, наймдугаар сарын 1 гэхэд нэг сая 707 мянган бэлдэц авчээ. Одоо 282 мянган бэлдэц дутуу байгаа аж. Үүнийг наймдугаар сарын 20 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Цахим үнэмлэх хэвлэх ажил хэвийн, аравдугаар сар гэхэд сонгуулин насны бүх иргэн үнэмлэхээ авсан байна гэдгийг Л.Амарсанаа дарга хэллээ.