МАН байр сууринаасаа ухрахгүй гэжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

МАН байр сууринаасаа ухрахгүй гэжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг томилсны зэрэгцээ “Шударга ёс” эвслээс УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн Ц.Цолмон, О.Баасанхүү нар УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн юм. Гэвч тус чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд оролцсонгүй. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс лавлах гэсэн боловч албан өрөөндөө байсангүй. Гэхдээ Төрийн ордонд дуулдаж байгаа мэдээллээр бол МАН Ардчилсан намд тавьсан хүсэлтээсээ буцахгүй, зөвшилцөх асуудалд Ардчилсан нам нааштай хариу өгөхгүй байгаа тул энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох боломжгүй хэмээн үзэж, “ажил хаясан” бололтой.

Уг нь МАН-ын дарга Ө.Энхтүвшин өчигдөр Ардчилсан намын даргатай уулзаж, өнөөдөр 11.00 цагт бүлгээ хуралдуулж чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ хэмээн мэдэгдсэн байсан юм. Энэ дагуу өнөөдөр 11.00 цагт зарлагдсан байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын дарга 15.00 цаг болгож хойшлуулсан билээ. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаагүйгээр барахгүй чуулганы нэгдсэн хуралдаанд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсонгүй. Тэр байтугай тус бүлгийн даргын зүгээс чуулганы танхимд орж ирж байр сууриа илэрхийлсэнгүй.

Мөн бидэнд олдсон мэдээлээр тус намын бүлгийн зүгээс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх байсан ч түүнийгээ мөн л цуцалжээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж