“УБ таймс”-ын хувьчлалаар мэтгэлцжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

“УБ таймс”-ын хувьчлалаар мэтгэлцжээ

Өнөөдөр 09.50 цагаас эхэлсэн МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурал үргэлжилж байна. Хурлын эхэнд Н.Энхбаяр мэдүүлэг өгсөн бөгөөд “Улаанбаатар таймс” сонины хувьчлалтай холбоотой асуудлаар талууд хоёр цаг гаруй мэтгэлцсэн байна. Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл “Улаанбаатар таймс сонины байрыг газрын хамт 2.1 тэрбум төгрөгөөр үнэлсэн нь хууль бус үйлдэл. Энэ байранд ямар ч газрын гэрчилгээ байхгүй. Тйимээс газрыг нь хэт өндөр үнээр үнэлсэн нь буруу юм. Ямар хууль тогтоомжийг үндэслэн энэ тоог гаргаж ирснийг мэдмээр байна” хэмээн эсэргүүцсэн байна. Үүний хариуд шинжээчдийн багийн ахлагч “Бид хууль томтоомжид заасны дагуу үнэлээгүй. Олон жилийн практик туршлага дээр үндэслэн, мөн ойролцоох барилгын газрын ханшийг судлан энэ объектийг үнэлсэн. Энэ объектийн ойролцоо байрлах “Central tower”-ийн газрыг нэг сая ам.доллараар үнэлсэн байдаг. Энэ байрыг өндөр үнэллээ гээд бидэнд ямар ч ашиг байхгүй. Учир нь бид үнэлгээний нийт үнийн дүнгээс хувь авдаггүй” гэсэн тайлбар өгчээ.

ХЭРГИЙГ САНУУЛАХАД,

“Улаанбаатар таймс” сонины хувьчлалтай холбоотой асуудал.

Тус сониныг менежментийн хувьчлалаар хувьчилжээ. Хувьчилж авсан баг нь үүргээ гүйцэтгээгүй. Их хэмжээний өр төлбөртэй байхад Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2008 оны есдүгээр сарын 8-ны өдрийн 75 тоот тогтоол гарч, “Улаанбаатар таймс” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг менежментийн багт дахин үнэлгээ хийхгүйгээр гэрээнд заасан 369.7 сая төгрөгөөр худалдах шийдвэр гаргасан аж. Уг объект тухайн үед 2.1 тэрбум төгрөгийн үнэтэй байж. Гэтэл дахин үнэлгээ хийлгэлгүй маш бага үнээр худалджээ. Мөн уг объект маш их өртэй байхад буюу менежментийн баг үүргээ гүйцэтгээгүй байхад нь бусдад худалдсан гэнэ. Д.Чулуунбаатар ахлагчтай баг “Улаанбаатар таймс” нийслэлийн өмчит газрыг худалдаж авсан. Ингээд анхны үнэлсэн 369.7 сая төгрөг тухайн үеийн үнэлгээ 2.1 тэрбум төгрөгийг харьцуулахад 1.7 тэрбум төгрөгөөр объектуудыг үнэгүйдүүлсэн байна. “Улаанбаатар таймс” нийслэлийн өмчит газрыг хувьчлахдаа Н.Энхтуяа буюу Н.Энхбаярын төрсөн дүүгийн “NT” холдинг гэдэг компаниас  500 сая төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр аваад өөрсдөө 49 хувийг нь эзэмшихээр болсон байдаг. Энэ байдлаар нийслэлийн өмчийг завшсан аж. “NT” холдинг компани нь 2010 онд Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Сгор” компанид шилжжээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж