УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд, гишүүдийн 100 хувийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Төсөлд Өргөдөл, гомдлын байнгын хороог шинээр байгуулах, мөн нэг гишүүн гурав хүртэлх байнгын хороонд харьяалагдах боломжтой байхаар тусгаад буй юм.

Харин эл төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн С.Баярцогт “2004 онд Монголын парламент УИХ-ын 11 байнгын хороог байгуулж ажиллаж байсан туршлагатай, тиймээс эл төслийг хэлэлцэхийг дэмжиж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Өргөдөл гомдлын байнгын хороог УИХ-д байгуулах гэж байгаа нь ардчиллын элементийг оруулж ирж буйн нэг хэлбэр. Хэдийгээр 2006 онд ийм байнгын хороог байгуулах санаачлагыг тухайн үед нэр бүхий гишүүн санаачилж байсан ч зөвхөн дэд хорооны төвшинд байгуулах бололцоотой гэсэн шийдвэр гарч байсан. Нөгөө талаасаа дэд хороо байгуулах хэмжээний аппарат байгаагүй учраас мөн ажиллаж чадаагүй. Харин одоо ажил хэрэг болох цаг ирлээ. Мөн нэг гишүүн гурав хүртэл байнгын хороонд харьяалагддаг болсноор тэдний оролцоо УИХ-д нэмэгдэнэ” гэж хэллээ.

Ингээд эл төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэв.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж