Өвөрхангай, Увсын асуудлаар СЕХ-нд хандлаа

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

Өвөрхангай, Увсын асуудлаар СЕХ-нд хандлаа

Хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон нэр дэвшигчдэд хариуцлага тооцохыг иргэний нийгмийнхэн шаардаж байна.

“Шударга
сонгууль-2012” төрийн бус байгууллага, “Сайн цагийн залуус”, “Залуу
хуульчдын хос дэнс” төрийн бус байгууллагаас хэвлэлийн бага хурал хийж,
УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр Өвөрхангай, Увс аймагт хууль зөрчсөн
асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын 2012 оны ээлжит
сонгуулийн үеэр Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн Н.Төмөрхүү,
С.Чинзориг нар сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор иргэдэд бэлэн
мөнгө, архи, эд зүйл тарааж, насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн
сурталчилгаандаа ашиглан хуулийн ноцтой зөрчсөн нь дүрс бичлэг болон
бусад баримтаар нотлогдож байгаа. Тухайн үед Өвөрхангай аймгийн тойргийн
хороо МАН-ын нэр дэвшигчдийн хууль бус үйлдлийг тогтоож, тодруулбал,
сонгуулийн сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхэд ашиглан хууль зөрчжээ
гэдгийг тогтоосон байдаг. Гэвч хуульд заасны дагуу хариуцлага тооцоогүй
байна.

Улмаар Өвөрхангай аймагт МАН-ын нэр дэвшигчид хууль
зөрчсөн үйлдлийг шүүх тогтоож, шийдвэрээ гаргасан. Гэтэл шүүх нэгэнт
шийдвэрээ гаргасан асуудлыг сонгуулийн аравдугаар тойргийн хороо
хэлэлцэхгүй удаашруулж, гацаасаар өнөөг хүрчээ.

“УИХ Сонгуулийн
тухай шинэ хуулийг батлан гаргаж, энэ хуулийнхаа хүрээнд сонгуулийг
зохион байгуулсан. Сонгуулийн шинэ хуулийн гол зорилго нь өмнөх
сонгуулиудаар сонгогчдод мөнгө, эд зүйл тараадаг байсан үйлдлийг таслан
зогсооход чиглэсэн гэдгийг та бид мэднэ. Төрийн эрхийг Үндсэн хуулийн
бус аргаар авах явдлыг зогсоож, сонгуулийг шударга явуулах нь Сонгуулийн
тухай хуулийг баталсны гол зорилго байсан. Тэгвэл өнөөдөр Сонгуулийн
хуулиа хэрэгжүүлэх эсэх асуудал тулж ирээд байна. Сонгуулийн аравдугаар
тойргийн хороо Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ёстой. Гэтэл
асуудлыг гацааж өнөөдрийг хүргэсэн нь тойргийн хорооны гишүүд өөрсдөө
хууль зөрчсөн үйлдэл юм. Иймээс бид Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага
хүргүүлж байгаа” хэмээн “Шударга сонгууль-2012” төрийн бус байгууллагын
зохицуулагч А.Гантамир ярилаа.

Түүнчлэн Увс аймагт МАН-ын нэр
дэвшигчид мөнгө тараасан үйлдлийг “төрийн эрхийг Үндсэн хуулийн бус
аргаар авахыг завдсан” гэсэн үндэслэлээр шалгаж байгаа ч хууль зөрчсөн
хүмүүсийн нэрийг Сонгуулийн ерөнхий хороо өргөн барьж, тангараг
өргүүлсэн нь хуулийг уландаа гишгисэн үйлдэл гэж дүгнэлээ.

Сонгуулийн
ерөнхий хороонд хүргүүлж буй шаардлагад “Сонгогчдын саналыг худалдан
авах зорилгоор иргэдэд бэлэн мөнгө, эд зүйл тарааж, насанд хүрээгүй
хүүхдийг сурталчилгаандаа ашиглан ухуулга хийлгэсэн Өвөрхангай аймагт
МАН-аас нэр дэвшигч Н.Төмөрхүү, С.Чинзориг нарт тойргийн хорооноос
олгосон түр үнэмлэхийг хүчингүй болгохыг тойргийн хороонд даалгах, Увс
аймагт МАН-аас нэр дэвшигчид мөнгө тараасан үйлдлийг хуулийн
байгууллагаар шалгуулж, асуудлыг хуульд нийцүүлэх шийдвэрлүүлэхийг
шаардаж байна” гэжээ. Үүний зэрэгцээ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн
талаархи хариу мэдээллийг 10 хоногийн дотор хэвлэл мэдээллийн
байгууллагаар дамжуулан олон нийтэд мэдээлэхийг шаардсан байна.

Өвөрхангай
аймагт МАН-аас нэр дэвшигч Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын хууль
зөрчсөнийг нотлох дүрс бичлэгийг мөн хэвлэлийн бага хурлын үеэр
сэтгүүлчдэд үзүүлсэн юм.

“Сайн цагийг залуус” төрийн бус
байгууллагын тэргүүн Ц.Энхжин ярихдаа “Сүүлийн үед МАН-ын удирдлагуудын
зүгээс Өвөрхангай аймгийн асуудлыг “зохицож, зөвшилцөж шийдэх” тухай
ярьж эхэллээ.

Сонгуулийн ерөнхий хороо болон шүүх нь  УИХ, аль
нэг намаас хараат бус, зөвхөн хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах
ёстой байгууллага.  Улстөрийн хүчнүүд хоорондоо зөвшилцөж сонгуулийн
байгууллага, шүүхийн шийдвэрийг өөрчилж нөлөөлөх нь төрт ёс, шударга
ёсыг гажуудуулах бусармаг алхам. Сонгуулийн 10 дугаар тойргийн хороо
яагаад шүүхийн шийдвэрээр нотлогдсон хөдөлшгүй нотолгоо байсаар байхад
өнөөдрийг хүртэл Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын түр үнэмлэхийг хурааж
авахгүй, нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасахгүй байна вэ.
Сонгуулийн тойргийн хороо өөрөө ингэж хууль зөрчиж байгаа нь олон хүний
дургүйцлийг хүргэж байна. Тиймээс иргэдийн сонгох эрхийг хөсөрдүүлж,
хууль зөрчсөн хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцохыг шаардаж байна”
гэв.

“Харьяаллын бус шүүхээр асуудлыг шийдвэрлүүлсэн юм биш үү”
гэсэн сэтгүүлчийн асуултад ““Монгол Улсын Иргэний хэрэг хянан шийдвэрлэх
тухай хуулийн 135.2.14-д зааснаар “тогтоох журмыг нь хуульд заагаагүй
эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал” гэсэн үндэслэлээр  шүүхэд
хүсэлт гаргаж болох эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн. Мөн 15.4-д “Эрх зүйн
ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн,
хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн
үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж заасан байдаг гэсэн
хариултыг төрийн бус байгууллагын хуульч залуус өглөө.

“Шударга
сонгууль-2012” төрийн бус байгууллага, “Сайн цагийн залуус”, “Залуу
хуульчдын хос дэнс” төрийн бус байгууллагаас цаашид Өвөрхангай, Увс
аймагт сонгуулийн үеэр хуулийг ноцтой зөрчсөн асуудлыг хуулийн хүрээнд
шийдвэрлүүлэхийн төлөө ажиллана гэдгээ мөн илэрхийлсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж