
МХЕГ-ийн дэд дарга Б.Эрдэнэбилэг:
-БНХАУ, Монгол Улсын хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн худалдааны байгууллагын гаргасан журмын дагуу хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх гэрээтэй. Энэ хүрээнд Монгол Улс БНХАУ-ын талаас худалдан авах бараа бүтээгдэхүүндээ эрсдлийн үнэлгээг хийнэ. Энэ үеэр хаанаас ямар ямар бүтээгдэхүүн худалдан авах вэ гэсэн асуудлаар хэлэлцэж байна. БНХАУ Монголоос мах махан бүтээгдэхүүн худалдан авах бол хаанаас авч болох вэ, экспортод гаргах гэж буй мал, махаа ямар хяналт шалгалтад оруулдаг вэ гэдэгтэй танилцах гэж буй хүмүүс хүрэлцэн ирсэн байна. Бид Хятадын төлөөлөгчдөд экспортлох гэж буй мах махан бүтээгдэхүүндээ ямар шалгалт хийдэг, хэрхэн бэлтгэн нийлүүлдэг гэдгээ танилцуулна. Үүний дараа мах нийлүүлэх эсэхийг Засгийн газрын түвшинд шийдвэрлэнэ. Хятадын талаас манай улсаас хонь, үхэр, ямааны мах авахдаа ямар шаардлага, хүсэлтэй байгаагаа илэрхийлээгүй байна. Манай холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байна. Цаашдаа ямар нэгэн шаардлага тавих байх.
-Бид тодорхой хэмжээний санал гаргасан. Хятадаас хүрэлцэн ирсэн эдгээр төлөөлөгчдөд эрүүл, чанарын шаардлага хангасан мах худалдан авах бүс нутаг, үйлдвэрүүдийг нь сонгуулна. Дараа нь бид Хятадад очиж төмс, хүнсний ногоо, жимж жимсгэнэ худалдан авах үйлвэрүүдээ сонгоно гэсэн санал гаргасан. Ингэснээр монголчуудад илүү аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүн худалдан авах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл зөвхөн сонгосон үйлдвэрээсээ л импортлох бүтээгдэхүүнээ авна. Энэ ажлыг есдүгээр сараас өмнө хийх санаатай ажиллаж байна. Манай “Барс” зах дээр хийсэн шалгалтыг та бүхэн мэдэж байгаа. Энэ шалгалтаар Хятадын ЧХШХЦЕГ-аар шалгуулаагүй бүтээгдэхүүн оруулж ирсэн нь илэрсэн. Тиймээс дээрх саналыг хүлээн авбал манай улсын иргэн, аж ахуй нэгжүүд баталгаатай бүтээгдэхүүн импортолж иргэдэд борлуулна гэсэн үг.
МХЕГ-ын ХМХГ-ын дарга Л.Төгсбаяр:
-Энэ уулзалтын гол зорилго нь Монголын баруун бүсийн аймгуудаас малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Хятад руу экспортлох юм. Манай улсын баруун бүсийн аймгуудад мал, амьтны халдварт өвчин харьцангуй бага гардаг. Хятадын ЧХШХЦЕГ-ийн төлөөлөгчид баруун бүсэд өөрсдөө эрсдлийн үнэлгээ хийх зорилготой ирсэн. Нэгэнт хоёр улсын мэргэжил нэгт нөхөд уулзаж байгаа учир бидний хоорондын харилцаанд тулгардаг зарим нэгэн бэрхшээлтэй асуудлыг хэлэлцсэн юм. Манай улсын иргэд, аж ахуй нэгжүүд урд хөршөөс төмс, хүсний ногоо, жимс жимсгэнэ ихээр импортолдог. Импортолж буй бараанд эдний талаас олгох хяналт, шалгалт, зөвшөөрөл гэх мэт зарим нэгэн бичиг баримт дутуу байдаг. Үүний улмаас баталгаагүй бүтээгдэхүүн, элдэв өвчин орж ирэх магадлал ихэсдэг. Лабораторын шинжилгээгээр ч эрсдэлтэй гэдэг нь тогтоогддог. Тиймээс манай улсад Хятадаас импортолж байгаа бараа бүтээгдэхүүнд хяналт тавьж баталгаажилтыг бүрэн хангах, олон улсын гэрээ хэлэлцээрээр батлагдсан дүрэм журмаар дагалдах бичиг баримтыг нь шалгаж үзсэний үндсэн дээр олгож байх хэрэгтэй гэсэн шаардлагыг хүргүүлж байна. Нөгөөтэйгүүр БНХАУ-ын хилийн боомтууд дээр иргэдэд ихээхэн чирэгдэл учирдаг. Боомтын ажилчид нь цайны цагийн дараа, ажилдаа ирэхгүй уддаг. Ажилдаа ирсний дараа хяналт шалгалт хийж байна гэх мэт тодорхой бус шалтгаанаар иргэд болон техник хэрэгслийг саатуулах асуудал гардаг. Мөн олон төрлийн үнэн худал нь мэдэгдэхгүй хураамжууд авдаг. Тухайлбал, чанарын гэрчилгээ авах хүсэлт тавихад мөнгө нэхдэг. Яагаад үнэн худал нь мэдэгдэхгүй гэж байна вэ гэхээр тэдгээр авч буй татварууд нь боомт бүр дээр өөр өөр үнэтэй байдаг. Тиймээс энэ асуудлуудыг хөндөж, шийдвэрлэх талаар санал солилцсон. Ялангуяа ӨМӨЗО-ны хорио цээрийн байгууллага хоёр улсыг холбож байдаг дийлэнх боомтуудыг хариуцдаг. Тиймээс энэ байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцлоо. Хамтын ажиллагаагаа сайжруулах юм бол дээр дурьдсан асуудлуудыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
-2002 онд жимс жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүний хяналт шалгалтын талаар хэлэлцээр хийсэн. Одоо бол цаг үеийнхээ шаардлагад нийцүүлэн өөрчлөх шаардлагатай байгаа. Үүний дагуу жимс жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүний талаарх хэлэлцээрээ шинэчилж, шаардлагаа өндөр байлгах санал тавьсан. Тэр үед манай улс барааны хомсдол гэх мэт шалтгаанаас болоод төдийлөн өндөр шаардлага тавиагүй. Тиймээс одоо хүнсний аюулгүй байдал, чанар баталгаажил хурцаар тавигдаж байгаа болохоор шинэчлэх сонирхолтой байна. Хэрэв шаардлагыг өндөрсгөвөл Монгол Улсад чанартай бараа бүтээгдэхүүн оруулж ирэх бололцоо бүрдэнэ. Саяхан Хятадаас улаан хачигтай баталгаагүй, чанарын гэрчилгээгүй алим орж ирсэн. Үүнийг устгалд оруулж байна. Энэхүү алимыг буцаагаад өгнө гэхээр 2002 оны хорио цээрийн хэлэлцээрт тусгагдаагүй учир авахгүй гэсэн асуудал тавьсан. Энэ бүх асуулыг цэгцлэхийн тулд зайлшгүй хэлэлцээрээ шинэчилэх хэрэгтэй.
ХХААҮҮХГ-ийн ХХААХХ-ийн дарга Ч.Арилдий:
-Экспортлох махны хэмжээний асуудлыг ХХААХҮЯ шийддэг. Энэ яамнаас дотоодын хэрэгцээ, шаардлага, нийт бэлтгэж буй махны блансыг гаргадаг. Үүний дараа хэчнээн тонн мах экспортлох боломжтой байна гэдгийг тодорхойлно. Бид яамнаас гаргасан захирамжийн дагуу аль улс оронд, ямар боомтоор, хэдэн тонн мах гаргах вэ гэдэгт хяналт тавина. Монгол Улсын бэлчээрийн мал бол байран маллагаанд байгаа малаас олон давуу талтай. Иймээс бага хэмжээний, дээд зэрэглэлийн мах экспорлоно гэсэн 2012 оны тавдугаар сарын 27-нд Бээжин хотноо байгуулсан хэлэлцээр байгаа. Энэ хэлэлцээрийн хүрээнд өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хүрэлцэн ирж тандалт судалгаа хийж байна. Баруун бүсийг сонирхоод байгаа нь тухайн бүсэд өвчин бага гардагтай холбоотой. Баруун бүсийн мал олон улсын эрүүл мэндийн байгууллагаас тавигддаг шаардлагыг 100 хувь хангадаг.
Өмнөх жилүүдэд мах экспортолсны улмаас махны үнэ өссөн талаар мэдээлэл гарсан. Энэ жил нийт бэлтгэх махны хэмжээ, хэрэгцээ, нийлүүлэлт зэргийг манай яам судалж байж экспортлох учир махны үнэ өсөх тал дээр асуудал гарахгүй байх. Гол нь бодлогоо зөв тодорхойлох хэрэгтэй. Монголд мал сүргийн тодорхой хувийг эдийн засгийн эргэлтэд оруулахад удирдлага зохион байгуулалтын асуудал дутмаг байгаа. Тиймээс махны үнэ өсөөд байна. Удирдлага, төлөвлөлтийг сайжруулвал энэ асуудал бүрэн шийдвэрлэгдэнэ.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин