Багдадад халдлага гарч, 17 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

Багдадад халдлага гарч, 17 хүн амь үрэгджээ

Өчигдөр Иракийн нийслэл Багдад хотын төв хэсэгт хоёр машинд бөмбөг дэлбэрч 17 хүн амь үрэгджээ. Эхний машинтай бөмбөг нь аль-Андалус өргөн чөлөөн дэх цагдаагийн газрын ойролцоо дэлбэрч, цагдаагийн долоон ажилтан нас барсан байна. Үүнээс хэдэн хормын дараа Иракийн паспортын бүртгэлийн газрын гадна машинд хоёр дахь бөмбөг нь дэлбэрчээ. Багдадын төв хэсгийн Каррада дүүрэгт гарсан энэ хоёр халдлагын улмаас нийт 110 хүн шархадсаны 21 нь цагдаа байжээ. Энэ дүүрэгт ихэнхидээ Шийтүүд оршин суудаг бөгөөд хөл хөдөлгөөн ихтэй худалдааны гудамжуудтай юм байна. Дэлбэрэлтүүд болсны дараа албаныхан “Цагдаагийн газрын ойролцоо болсон халдлагыг гурван амиа золиослогч үйлдсэн.” гэж мэдэгджээ. Амиа золиослогч хэмээн сэжиглэгдсэн  гурван хүн цагдаагийн газрын ойролцоо байдаг барилга руу орж яваа харагдсан байна. Цэргийнхэн тэдний  нэгийг буудаж, хоёр дахь нь өөрийгөө дэлбэлжээ. Үүний дараа буун дуу сонсогдсон аж. Гурав дахь нь барилга дотор байсан бөгөөд цэргийнхэн түүнийг бүсэлсэн байна. 

Цагдаа нарын сэжиглэж буйгаар тэд цагдаагийн түр саатуулах байрыг дэлбэлж, тэнд хоригдож байсан аль-Каида бүлэглэлийн гишүүдийг суллах төлөвлөгөөтэй байсан бололтой. Мөн Иракийн баруун хэсгийн Мосул хотод буутай этгээд телевизийн сэтгүүлчийн гэр рүү дайрч, амийг нь хөнөөгөөд, гэр бүлийхнийг нь шархдуулсан хэрэг гарсан байна. Амиа алдсан 29 настай Газван Анас нь “Sama al-Mosul” нэртэй телевизийн нэвтрүүлэгч байжээ. Өнгөрсөн зургадугаар сарын 23-нд Иракт гарсан халдлагад нийт 103 хүн амь үрэгдсэн нь энэ онд гарсан хамгийн аймшигтай халдлага болсон юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж