
Өмнө нь нэг сэтгүүлч Ерөнхийлөгчийн зурагчнаас зураг, хөрөг л лавлах санаатай “Элбэгээ ах аа” гэж дуу хадаан дуудтал Ерөнхийлөгч эргэж хараад зогсчихож. Сандарсан сэтгүүлч гэнэт ухаан сийлж “Ерөнхийлөгч өө, тантай цуг зургаа авахуулж болох уу” гэж “бантсан” гэсэн. Ц.Элбэгдорж ч өөрөө сэтгүүлч, угийн хэвлэл мэдээллийнхэнтэй найзархуу байдаг болохоо хөөрхий сэтгүүлчийг яагаад сандарч бантсаныг нэг их сайн ойлгоогүй өнгөрчээ. Уг нь Элбэгээ гэдэг нэр тийм их элбэг байдаггүй ч энэ удаа Ерөнхийлөгч, зурагчинтай амидаа шахуу, цаад амидаа нь хэвлэлийн төлөөлөгч бүсгүйтэй бас “хагас” амидаа болж таараад хөөрхөн будилаан үүсгэх шахжээ. Иймээс Ерөнхийлөгчийн шадрууд ухаан сийлж, зурагчныхаа Элбэгээ гэдэг нэрийг “мартахаар” тохиролцож. Ядахдаа л Ерөнхийлөгчийн ойр тойронд байхдаа зурагчнаа Элбэгээ гэж дуудахгүй байхаар шийдсэн юм байж.
Дарга, цэргийн нэр “дашням балжинням”-тайгаар давхацсан өөр тохиолдлууд бас байдаг. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх Биеийн тамир, спортын хорооны даргаар ирэхэд нь жолооч нь Аваргабаатар гэдэг нэртэй хүн таарч. Хүмүүс өөрийг нь заримдаа аварга аа ч гэдэг, баатар аа ч гэж дууддаг болохоор мань Х.Баянмөнх аварга “Нөхөр мин чи эсвэл нэрээ соль. Би эсвэл жолоочоо сольё” гэж “нохойтож” байсан гэдэг юм билээ.
А.АНУ