Архангай, Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймагт баригдаж байгаа зам, гүүрийн барилгын ажлын явцтай Авто замын газрын дарга Б.Энхтөр болон холбогдох албаны бусад хүмүүс өнгөрсөн өдрүүдэд танилцлаа. Дээрх аймгуудад зам, гүүрийн нийт 13 ажил хийгдэж байна. Завхан аймагт гэхэд Их-Уул сумын Идэрийн голын дээгүүр 169.08 урт метр төмөр бетон гүүрийг “Тосгол” ХХК барьж байна. Ирэх аравдугаар сарын 30-нд ашиглалтад өгөх бөгөөд одоогоор гүүрийн хоёр захын тулгуур, завсрын тулгуурын дөрвөн худгийг цутгаж суулгажээ. Харин Увс аймгийн Наранбулаг-Хяргас нуур чиглэлийн 85 км авто зам ажлын далан, ухмал, газар шорооны ажил 95, гүүр хоолой, хиймэл байгууламжийн ажил 45 хувьтай явна. Энэхүү замыг БНХАУ-ын “Шинжиан Шин Фа” ХХК барьж байгаа бөгөөд арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Авто замын газрын дарга Б.Энхтөр энэ үеэр гүүр хоолой хиймэл байгууламжийн ажлыг эрчимжүүлж, хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлж ажиллаад гэрээний хугацаандаа багтааж замын ажлаа дуусгах үүрэг өглөө. Азийн хөгжлийн банкны санхүүжилтаар баригдаж байгаа Манхан-Ховд чиглэлийн 85.3 км авто замын ажлын далан ухмалын ажил 93, суурийн доод үе 33 хувьтай байна. Гүйцэтгэгч “Чайна гоузуба” компани болон зөвлөх компанийн инженерүүдэд энэ сарын 15-ны дотор багтааж хучилтыг хийж эхлүүлэх, гүүр хоолой, хиймэл байгууламжийн ажлын хүчин чадлыг нэмэгдүүлж ажиллахыг тэрээр мөн үүрэг болгосон юм. Тээлийн голын 75 урт метр төмөр бетон гүүрийг ирэх сард хүлээлгэн өгөхөөр “НКВ интернэйшнл холдинг” ХХК ажиллаж байгаа аж. Одоогоор гүүрийн суурь, тулгуур, ригель, дам нуруунуудыг угсрах, цутгах ажлууд дуусчээ. Мөн энэ үеэр Хөгжлийн банкны санхүүжилтаар баригдах Алтай-Дарви чиглэлийн 80 км авто замын ажлын нээлт болсон юм. БНХАУ-ын “Чайна стэйт Шинжиан зам гүүрийн барилга” компани гүйцэтгэх энэхүү замын нээлт Говь-Алтай аймгийн Алтай хотод боллоо.
Б.СҮРЭН