Өргөдлийн байнгын хороотой болно

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

Өргөдлийн байнгын хороотой болно

УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Х.Тэмүүжин, С.Эрдэнэ, Н.Батцэрэг, Ц.Даваасүрэн нар өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.

Хуульд өөрчлөлт оруулах гол агуулга нь УИХ-ын бүтцэд шинэ байнгын хороо байгуулахаар болсон байна. Иргэд, сонгогчдоос УИХ-ын гишүүдэд өргөдөл, санал, гомдол, хүсэлт олноор ирүүлдэг ч шийдвэрлэлт нь тийм ч сайнгүй, зарим нь гар дамжсаар үрэгдэж алга болдог. Хэдийгээр үүнийг хариуцсан дэд хороо байгуулсан ч үр дүн тааруу байжээ. Цаашид ийм байдал гаргалгүй иргэдтэйгээ эргэх холбоотой байх зорилгоор УИХ-ын бүтцэд Өргөдлийн байнгын хороог байгуулахаар хуулийн төсөлд тусгажээ. Одоогийн хуулиар УИХ нь долоон байнгын хороо, 11 дэд хороотой юм.

Хуулийн төсөлд нэг байнгын хороонд 10-19 гишүүн байх, нэг гишүүн гурваас дээшгүй байнгын хороонд ажиллах талаар тусгасан байна. Одоо мөрдөж байгаа хуулиар зарим байнгын хорооны гишүүдийн тоо  20 гаруй, мөн нэг гишүүн хоёр л байнгын хороонд ажиллах боломжтой нь УИХ шуурхай ажилллахад хүндрэлтэй гэж хууль санаачилсан гишүүд үзжээ.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж