
Бөмбөрцгийн өнцөг булан бүрт болж гэнэ гэж дуулдах газар хөдлөлт, үер усны аюул энэ ертөнцийн юугаар ч сольшгүй цорын ганц үнэт эрдэнэ нь хүн төрөлхтөн гэдгийг ямар нэг байдлаар ухааруулдаг гэдэгт эргэлзэх зүйлгүй. Гэтэл 2.8 сая хүн амтай өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол Улсад хүн эрдэнийн үнэ цэнийг хэлж мэдэх юм үнэндээ алга, зарим талаар. Ямартай ч арлын Япон шиг иргэн бүрийнхээ төлөө санаа тавьж, цунами болсон байшин барилгын нуранги доороос нэг ч болов амьд хүн олохын төлөө газар газар самардах аюул монголчуудыг зовоогоогүй байна, өнөөдөртөө. Ингэж хатуу хэлэхийн учир Монгол Улсын нийслэлд зарим тохиолдолд өдөрт 3-5 хэн нь танигдахгүй, бичиг баримтгүй, эрж сурсан ах дүүсгүй цогцос олддог, талийгаачдыг шүүх эмнэлгийнхэн цагдаагийн байгууллагатай хамтран оршуулдаг явдал үүнийг бичихэд хүргэлээ. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Шүүх эмнэлгийнхэн хэн нь танигдахгүй, моорогт 15 хоносон хоёр цогцсыг оршуулжээ. Ингэхдээ талийгаач нарт хийсэн задлан шинжилгээ, гаднах төрх байдал, өмссөн хувцас зэргийг үндэслэсэн гэцгээсэн. Улс орон, ах дүү төрөл садандаа үнэ цэнэгүй тэдийг Монголын илүүдэл гэхээс өөрөөр юу гэж нэрлэх билээ. Монгол Улсад иргэний бичиг баримтын ямар ч бүртгэлгүй 4300 гаруй иргэн байгаагийн 28 хувь нь бага насны хүүхэд гэх мэдээллийг статистик мэдээллээс харж болно. Тэгэхээр бидний дунд 4300 амьд илүүдэл тоос хөдөлгөж яваа гэсэн үг. Мэдээжийн хэрэг тэдний ихэнх нь гудамж талбай, цэвэр бохир усны цооног, “Улаанчулуут”-ын хогийн цэг дээр хоног төөрүүлж буй.
Хөгцөрсөн талх булаалдан “алалдах” багачууд
Хүйтэн бороо хайр найргүй нүдэж байлаа. “Улаан чулуут”-ын аманд ч ялгаагүй, хүйтэн гэж жигтэйхэн. Салхи нөмөрлөх байшин савгүй болохоор хийсгэчих гээд зовлонтойн дээр агаарт хөөрсөн шар, улаан гялгар уут, хэрэглэсэн ариун цэврийн баастай цаас нүүрэн дээр ирээд наалдчих гэж сандаргахыг нь яана. Хавирга нь гэрэлтэж, нуруундаа наалдчих шахсан золбин ноход, хүнтэй зэрэгцэн шуудай хог тонших улаан хошуут, хөгцөрсөн талхны өөдөс олоод түүн дээрээ зодолдох багачууд, ундааны сав булаалдан алалдах дөхөх авгай хүүхнүүд гээд тэр ертөнц тэр чигээрээ аймшиг юм билээ. Хуучин Цагаан давааны энгэрийн арын хонхорт орших энэ газарт арваад овоохой боссон харагдана. Хогийн цэгийн торон хашааны баруун хойд өнцөгт боссон овоохойн эзэгтэйгээс “Улаан чулуут” ойролцоогоор хэчнээн хүн аж төрж байгааг сонирхвол “Манайх өнгөрсөн намраас энд амьдарч байгаа. Биднийг ирснээс хойш дөрвөн айл шинээр нүүж ирсэн. Одоо энд арав гаруй айл лав бий. Би нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хөрш эмэгтэй маань бага насны гурван хүүхэдтэй.Дундговийнх юм гэнэ лээ. Бусдыг нь мэдэхгүй. Миний нөхөр цаад хавиар чинь л яваа байх. Өчигдөр гэрээс гараад ирээгүй л байна. Олз муутай л яваа юм байлгүй” гэж хариулаад шуудайгаа үүрэн ямар нэг зүйлийг амандаа үглээд явж одсон. Бүсгүйн араас “танд бичиг баримт байна уу. Улсаас 21 мянган төгрөг олгож байсан. Түүнийгээ авч байв уу” хэмээн хашгирвал “Ямар юмных нь бичиг баримт байдаг юм. Нутгаас гарахад улаан паспорт байсан. Эндэхийн хулгайч нар овоохойноос хулгайлчихсан” гээд цаашаа харсан чигтээ хашгирч хариулах нь тэр. Яг л талд яваа төөрсөн улс шиг. Эзэгтэйг явсны дараа эрээн судал бүхий гялгар бүтээлгээр хулдсан овоохойн амыг онгойлгон гэрийн доторхийг сонирхвол баруун талд тавьсан түгжээ нь хэмхэрсэн чемодан дээр найман сартай болов уу гэмээр нялх хүүхэд унтаж байх агаад зуухны ёроолд ам нь сэтэрсэн гурван аяга цайны шавхруутайгаа, хөө тортог болсон хөнгөн цагаан түмпэн, түүнээс холгүй хир даг болж хажуугаараа урагдсан хоёр ширхэг цаасан хайрцаг, хуйлаад тавьсан бололтой бөөрөнхийлж орхисон гудас хөнжлийн тамтаг тэргүүтнээс өөр зүйл харагдсангүй. Харин овоохойн зүүн талд хэц маягийн юм татаж, улаан эрээн байгаад өнгө нь мэдэгдэхгүй болсон ноосон цамц, салтаа нь урагдсан жинсэн өмд тохсон байлаа. Гэхдээ угаагаад хатаахаар тохсон эд биш гэдгийг хэлэх нь зөв байх. Ийн хэрэгт дурлаж байх зуур хог ачсан эхний машин тоос, дохио хоёрыг зэрэг агаарт хөөргөсөөр ирэв. Бид л анзаараагүй болохоос авгай хүүхэн тэргүүтэй хэсэг улс овоолгоотой шороон дээр нарлан хэвтэж байсан нь чухамдаа эхний машин ирж яваа дууг сонсчихоод замыг нь амдан хүлээж байсан нь тэр юмсанж. Торон хашаагаар хог ачсан машин орж ирүүт л барианы морьдыг тосон давхилдах морь баригч нар шиг л хогчид дугуйн дор нь орох шахан тэвш өөд авиралдан, зарим нь явдал дунд зүүгдэх юм гээч. Түүгээр үл барам машин хогоо буулгах газраа сонгох хооронд л тэвшин дээр даруулж ачсан том овор хэмжээтэй хогийг булаалдан зодолдож, арваад насны нэгэн хүүг түлхэн унагааж орхив. “Хүүе, хүн аллаа” гэж орилох миний дуу худаг руу тонгойгоод хэлсэнтэй утга нэг, хэн ч тоосонгүй. Энд сонирхуулахад, дөрвөн тонн хогоос хүний амьдралд хэрэг болохоос зүйл тун ховор гардаг юм билээ. Хамгийн олзуурхууштай нь таван литрийн бидон нэг ширхэг, тэр нь дотроо будагтай. Эвдэрхий индүү, ул нь ханзарсан гутал, шатсан будаа агшаагч, мебель орны урагдаж, пүрш нь хөвөрсөн матраас төдийхөн гарсан даа. Хуванцар савнуудыг жолооч, ачигчид замаас нь олзолчихдог учраас мөнгө болох эд зүйл маруухан. Гэвч хогчид олдог л юм билээ. Шулуухан хэлэхэд, үхсэн хүнээс бусад нь олддог аж. Заримдаа ч эмнэлгийн хог хаягдлаас эрхтэн бүрэн дутуу төрсөн нялхсын цогцос ч ирдэг гэнэ лээ.
Б.Эрдэнэдалай: Би эндэхийн босс нь байна, яах гээв
Хогчид бужигнан, олзоо булаалдан зодолдож, багачууд нь уйлалдаж байх зуур гэнэтхэн газрын хаанаас гараад ирэв гэмээр нөхөр таягаа тулсаар “п” унших төдийд орчин нам жим болчихдог байгаа. Өнөө орилж хашгирч үсээ зулгаалдаж байсан авгай нар ч нам жим. Өнөөх хазгар эр хогчдын дундуур зүсч орж ирээд тэднээс татвар татах юм. Татвар юу байхав дээ, мөнгө болох зүйл. Нэг эр шинжгүй данхаар хахууль өгтөл “Би үүгээр чинь яах юм” гээд эрүүл хөлөөрөө өшиглөчихөөд жолоочийн кабин руу мацав. Бууж ирэхдээ гартаа шар тортой зүйл барьсан харагдсан. Түүнтэй ярилцах санаатай замыг нь амдвал “Би эндэхийн босс нь байна, яах гээв, ална шүү та нарыг” гээд дайрахаар нь айсандаа хог туучин гүйж гарснаа нуугаад яах вэ. Согтуу эр таягдаж орхивол миний л хохь болох юм чинь. Тэр нөхөр гурван эхнэртэй гэнэ. Мэдээжийн хэрэг гурван согтуу эм байж таараа. Багануурын шоронгоос суллагдаж ирээд “Улаан чулуут”-д төвхнөсөн аж. Согтуу үедээ хүн амины хэргээр шоронд сууж байгаад “өршөөлөөр” суллагдсанаа ярьж, багачуудыг айлган, олзыг нь дээрэмдэн элдвээр дарамталдаг гэж дээр уулзсан зүс таних болсон эмэгтэй шивнэсэн. Энэ эрийг ноёрхлоо тогтоох хүртэл хогийн цэг дээр овгор гэж байгаагүй, олзоо булаалдан зодолдоод л өнгөрдөг байсан юм байх. Гэхдээ хогчид бүгд энэ хонхортоо амьдардаггүй аж. Баянхошуу, Толгойт, Дарь-Эх, Улаанхуарангийн ядуучууд өдөржин хогны машин хүлээж дошны атмануудтай үзэж тарж байгаад үдээс хойш хот руу ордог байна. Харин тэнд найгаа алдсан согтуу харагдаагүй. Согтуу байх аваас олзгүй хоосон хоцорч хөлийн гарз болохоо гудамжныхан мэддэг байх л даа.
Ногоон гичий: Аав ээж ээ, мэдэхгүй.
Хөх саравчтай малгай духдуулсан бүрэг байрын хүүг чухам ямар олз олохыг нүднийхээ булангаар хараад л байлаа. Тэрбээр гялгар ууттай зүйл олоод машины тэвшин дээрээс үсэрч буугаад гүйсэн боловч араас нь хөөх гурван хүүд тэр дороо гүйцэгдэн, олзоо булаалгаад сөхөрч суугаад нүүрээ таглан уйлж гарлаа. Хүүгээс ямар олз олоод түүнийгээ булаалгаж орхисныг нь асуувал, “Мах байсан юм. Ганц ч хазаж чадалгүй булаалгачихлаа” гээд мэгшин уйлсан. Хүү нэрээ мэддэггүй гэнэ. Хогийнхон түүнийг “ногоон гичий” гэж дуудаж байхыг бодвол эмэгтэй бололтой. Энэ нэрэндээ ч дасч орхисон бололтой тэр. Ерөөсөө аав ээж байхгүй аж. Траншейнд хэсэг амьдарч байгаад цагдаа нарт баривчлагдан Зайсанд зөндөө олон хоног хоригдож байгаад тэндээсээ зугтан энд ирсэн хэмээсэн. Өөрийнх нь хэлснийг тэр чигээр нь буулгав. Түүнээс бичиг баримттай эсэхийг асуугаад ч нэмэргүй юм билээ. “Улаан чулуут”-д түүн шиг өнчин, эцэг эхгүй хүүхэд лав 30 гаруй байсан. Тэд өдөр нь энэ хавиар бужигналдаж байгаад үдэш нь том том супер маркетуудын үүдээр гуйлга гуйдаг гэсэн. Тэнд бас ах дүү хоёр байна лээ. Хоёулаа болохоор бусдад барагтай бол зодуулдаггүй, харин ч нийлж байгаад дээрэмдэж орхидог тухайгаа ам булаалдан ярьсан. Ах дүү хоёр хогийн цэгийнхний амьдралыг биднээс авсан талх, боорцогны хариуд “Томчуудаас илүү хүүхдүүд нь аймаар. Олзоо хуваалцахгүй бол хутгалж л орхино. Би гуяндаа хутгалуулсан. Шарх аймаар болоод явж чадахгүй, яг үхэх гэж байсан. Тэгээд Есүсийн сүм дээр очиж эмчлүүлсэн. Энд амьдардаг хүмүүс цагаан сараар нохой алж идсэн. Хог ирэхгүй хэд хоносон чинь яг үхэх гэж байна билээ. Бид хоёр маргаашаас Туулын бургасанд очиж амьдарна. Хоттой ойрхон болохоор ядрахгүй амар байдаг юм. Бас “Оргил”-ын амрагчид идэхгүй, гоё гоё юм аа цонхоороо чулуудчихна” гэж хуучилсан. Тэд Архангайгаас ирсэн гэнэ.
Л.Булгамаа: Хүүхдүүдээ тэжээхийн тулд ингэж амьдарч байна
-Ийн хэлээд нулимсаа арчсан эмэгтэйн нэрийг Л.Булгамаа гэдэг аж. Тэрбээр 1983 онд Дарханы Усны аж ахуйн техникумыг төгссөн гэнэ. Нөхрөө дагаж анх хотод орж ирсэн гэнэ. Бага хүүхдээ төрүүлэхээр хөдөө яваад эргээд иртэл нөхөр нь өөр эхнэр авчихсан байсан төдийгүй түүний хамаг бичиг баримтыг шатаачихсан учраас орох газаргүй болж гудамжинд гарсан. Хоёр охин нь том болцгоосон ч хаана явааг нь мэдэхгүй. Бодвол эцэг шигээ архичин болоо биз гэв. Хүүхдүүдээ тэжээхийн тулд ингэж амьдарч байна хэмээсний учир нь бага охин нь өнгөрсөн жил хоёр нялх хүүхдээ авчирч хаяад явсан учир тэрбээр тэжээж байгаа аж. Зээ охины том нь хараагүй, суунги учир хананаасаа уяад гарчээ. Булгамаа энэ өдөр бага зээгээ дагуулаад явж байлаа. Тэр нь дөрөв орчим настай болов уу гэж харагдаж байсан ч 11 настай аж. Бас л хөгжлийн бэрхшээлтэй, хэлгүй, дүлий нэгэн байв. Эд бас л бичиг баримтгүй.
-Ийм л дүр зураг бүхий амьдрал “Улаан чулуут”-ын хогийн цэг дээр буцалж байна лээ. Миний уулзсан хүмүүсээс “Энэ байна” гээд өврөөсөө бичиг баримтаа гаргаад ирэх хүн нэг ч таарсангүй. Тэнд ойролцоогоор 200 гаруй том, жижиг хог түүн амьдралаа залгуулдаг гэхээр миний хөндсөн сэдэв нэгийг хэлээд байгаа биз.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин